Тавдугаар сарын 2 буюу өнгөрсөн бямба гарагт Соёлын төв өргөөнөө хөрш гурван улсын алдартай дуучин бүсгүйчүүдийг нэгтгэсэн "Эх дэлхийн дуулал" нэртэй томоохон тоглолт сүр дуулиантай болж өндөрлөлөө.
"Монголын Их хатдын хүндэтгэлийн өргөө" ТББ-ыг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Арвин, гүйцэтгэх захирал М.Чимгээ нарын Ялалтын баярыг угтаж, ард түмэндээ барьсан бэлэг ийнхүү биеллээ олж, амжилттай өндөрлөлөө.
Тус тоглолтыг Монгол Улсын Морин хуурын чуулга болон Улсын филармонийн найрал хөгжимчид эгшиглэнт сайхан аялгуугаараа эхлүүлж, Оросын алдарт дуучин Цыганова Вика "Манай гэрт тавтай морил" хэмээх алдарт дуугаараа түрлэг өргөж, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг эхний дуугаараа л дээд цэгт нь хүргэсэн юм. Оростоо төдийгүй олон улсад ч нэрээ цуурайтуулсан дуучин бүсгүйн дуунуудыг монголчууд тун ч сайн мэддэг аж. Алга нижгэнүүлэн ташихын зэрэгцээ дагаж дуулж байлаа.
Харин Хятадын "Уянгын дууны хатан хаан" Ли Линг Юуг тайзнаа морилоход хүн бүр "Яасан хөөрхөн юм бэ?" хэмээн уулга алдсан. Өдгөө тавин насны босгыг алхсан ч анх тайзнаа гарч байх хорин хэдэн настайгийнхаасаа огт ялгарахааргүй даруухан хийгээд эрхэмсэг харагдаж буй энэ бүсгүйд тэр даруйдаа бүгд "дурлачихав". Ийнхүү тэрбээр бахархал, хүндэтгэл дүүрэн нүдээр өөрийг нь ширтэх үзэгчдэд "Хурмастын охин" дуугаараа бэлэг барьсан юм.
Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор ч мөн "Магнаг цэнхэр дэлхий" дуугаараа үзэгчдийг байлдан дагуулж чадлаа. Үзэгчдийн дийлэнх нь ахимаг болон дунд эргэм насныхан байсан ч тун сэтгэл хөдлөлтэй хүмүүс байлаа. Тоглолтын хүндэт суудалд тухалсан УИХ-ын дарга, эрхэм гишүүд ч алдарт дуучдын дууны хэмнэлд автан, амралтын өдрөө тун ч сэтгэл хангалуун өнгөрөөж буй бололтой харагдсан.
Ийнхүү орон орны "од" гурван бүсгүйн дуунуудыг сонсож суухад, аялгуу нь судсаар лугшиж, үг нь зүрхэнд шивнэгдээд, бие сэтгэлд тун таатай мэдрэмж төрүүлж байлаа. Магадгүй үзэгчид ч бас миний л адил тэдний дууг чих тавин сонсож, оюун ухаан, сэтгэл зүрхээ 100 хувь тайз руу хандуулж буй нь царайнаас нь илт байсан юм.
Алдарт дуучин Вика ардын жүжигчин А.Долгортой хамтран алдарт "Катюша"-г дуулсан нь энэ тоглолтын оргил хэсэг байлаа. Үзэгчид суудлаасаа өндөсхийн хүндэтгэл үзүүлж, дууссных нь дараа ч алга хавсарсаар байв. Вика ч үзэгчид юу хүсээд байгааг сайн мэдэрлээ. Тэрбээр А.Долгорыг өдөөж дууныхаа дахилтыг хөгжимгүй дахин дуулж, сонирхуулсан.
Түүнчлэн Ардын жүжигчин А.Долгор Хятадын "алтан хоолойтон" Линг Юутай хамтарч Хятад ардын дуу "Мэлрэг цэцэг"-ийг дуулж сонирхуулсан нь түүний дуучны ур чадвар, цар хүрээг харуулсан гайхалтай агшин байсан юм.
Үзэгчдийг гоо үзэсгэлэнгээрээ эзэмдэж, цээл сайхан хоолойгоороо уярааж чадсан үзэсгэлэнт бүсгүй Ли Линг Юу ч монголчуудад бэлтгэсэн бэлгээ задлах цаг болж "Миний ардын сэтгэл цагаан" дууг Ардын жүжигчин А.Долгортой хамтран монгол хэлээр дууллаа. Энэ дууг дуулахдаа өмссөн Монгол үндэсний хувцас түүнд тун ч сайхан зохисон харагдсан.
Япон, Канадад амьдарч байсан дуучин бүсгүй ч гадаад хэлэндээ тун авьяастай нэгэн аж. Тэрбээр монгол үгнүүдийг тун тод, цэвэрхэн хэлж дуулсан нь үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулсан.
"Эх дэлхийн дуулал"-ын гэнэтийн бэлэг үүгээр дууссангүй.
Үзэгчдийг огт санаандгүй байтал нэгэн гэнэтийн зочин тайзнаа мориллоо. Тэр бол зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа байсан юм. Тэрбээр ардын жүжигчин А.Долгортой хамтран "Эх дэлхий-миний ижий" дуугаараа ая барьсан.
Тоглолтын номер бүр үзэгчдэд үнэ цэнтэй байж чадсан нь "Эх дэлхийн дуулал"-ын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүхийн мэргэжлийн ур чадварын илэрхийлэл гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь, тэрбээр тун богино хугацаанд асар том бүрэлдэхүүнтэй энэхүү тоглолтыг тун сайн найруулж чаджээ.
Хөрш гурван улсын урлагийн их хатад гоо үзэсгэлэнгээрээ, цээл сайхан хоолойгоороо, биеэ авч яваа байдлаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг бүрнээ хүлээж чадлаа. Энэ ч утгаараа "Эх дэлхийн дуулал" Ялалтын баярын хамгийн том бэлэг болж чадсан юм.
Бүтэн 2 цаг 30 минут үргэлжилсэн ч үзэгчид тоглолтын танхимд хоргодонгуй буцацгаалаа. Учир нь тоглолтыг дуусгамааргүй л байлаа. Вика, Долгор, Ли Линг Юу нар гадаад төрх шигээ дотоод орон зай, зүрх сэтгэл, аялах дуу, гаргах дүр төрхөөрөө ч хоорондоо эрс ялгаатай гурван өнгө байв.
Гурван өөр өнгө нэгдэж бас нэгэн тод өнгийг бий болгодог шиг дуучин бүсгүйчүүд ч бас өөр хоорондоо гайхалтай зохицсон нэгэн тодоос тод өнгийг үзэгчдэд мэдрүүлж чадсан юм.
Ийнхүү гурван өөр өнгө эх дэлхийн энх тайвны төлөө эвлэлдэн нэгдэж, ирээдүйн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн нь энгийн нэгэн тохиолдол байгаагүй ээ.
Олон улсын буяны сангийн зууны манлай хөрөнгө оруулагч Цыганова Вика, Хятадын урлаг, соёлын алтан үеийн төлөөлөл болсон дуучин Ли Линг Юу, Монголын "Цуцашгүй цээл хоолойт хун авхай" А.Долгор нарыг нэгэн дор цуглуулж, нэгэн тайзнаа дуулуулсан нь тун нарийн төлөвлөж, чадварлаг зохион байгуулсан Эх дэлхийн энх тайвны төлөө бүсгүйчүүд дуу хоолойгоо өргөсөн тун учир утгатай үйл ажиллагаа байж чадлаа.
Эх сурвалж: www.mnews.mn