МУСГЗ нэрт орчуулагч, сэтгүүлч Готовын Аким гуайн “Жаран голыг гэтэлсэн аян” номын нээлт Хүүхдийн номын ордонд боллоо. Уншигчдын хүртээл болоход бэлэн болсон эл номд үүх түүхийн үнэлж баршгүй нэгэн дурсгал, урлагийн бүтээл зосон зургийн тухай өгүүлэх болно.
Нэрт орчуулагч Г.Аким гуай гурван жилийн турш зосон зургийн араас “мөшгөжээ”. Тухайлбал, Дорнод аймгийн Баян уул сумын нутаг Ульхан уул, Улз гол, Онон, Орхон гээд 60 гаруй гол мөрнийг хөндлөн туулж, найман мянга гаруй км зам туулсны эцэст эл бүтээл мэндэлсэн түүхтэй аж.
“Жаран голыг гэтэлсэн аян”-аас нийт 20 гаруй газрын хадны зосон зургийн тухай мэдээд зогсохгүй сэтгүүлч Г.Аким гуайтай аялсан мэт санагдах болов уу. Тэрбээр “Зосон зураг бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн түүхийн гол баримт эх сурвалж юм. Балар эрт үед аж ахуй, сууц гээд бүгдийг хадны сүг зургаар илэрхийлсэн байдаг бол хүн төрөлхтөн анх удаа зос гэдэг зүйлийг олж зурж эхэлсэн. Зосон зурагт хэрэггүй, ач холбогдолгүй зураг гэж байхгүй ч харамсалтай нь боржин чулуун дээр зурсан учраас чулууны өнгөр арилж алга болох аюул нүүрлэсэн байхыг үзлээ. Малчид зосон зурагтай газар малаа хашиж, эвэр туурайгаар нь арилж балрах нь цөөнгүй байна. Иймд зосон зургийн тухай өгүүлэх нь хойч үед танин мэдүүлэх залуус түүхээ мэдэх чухал ач холбогдолтой” гэлээ.