Онлайн эрх чөлөө ба хориг саад

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Онлайн эрх чөлөө ба хориг саад

Онлайн эрх чөлөө  бага хурал Төрийн ордноо үргэлжилж байна.  Форумын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч  үг хэлсэн юм. Тэрбээр  “Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний хамгийн чухал зүйл болоод байна. Бид үүнийг ойлгох ёстой. Түүний зэрэгцээ онлайн ертөнцөөс үүдэлтэй олон асуудал гарч ирж байна. Монгол Улсад интернэтийн эрх чөлөө, ил тод байдал бий болсонтой холбоотойгоор хүнийг гутаан доромжлох, гүтгэх хандлага гарах тохиолдол байдаг. Гэлээ ч гэсэн олон улсын жишиг, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв гэж бодож байна. Тиймээс интернэт хэрэглэж байгаа хувь хүмүүс хариуцлагатай, ёс зүйтэй байх нь хамгийн чухал. Та интернэт, твиттер, фейсбүүкт тавьсан мэдээллийнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Түүнийг чинь хүүхдүүд, бусад хүмүүс бас бусдад дамжуулж түгээдгийг бодолцох ёстой. Онлайн эрх чөлөөг хөгжүүлэх нь Засгийн газраас шалтгаалах зүйл биш, бие хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл” гэлээ.

Энэ жилийн бага хурлаар интернэт орчинд хувь хүний аюулгүй байдлыг хангахдаа эрх чөлөөг хавчихгүй байх бодлогыг хэлэлцэж байгаа юм. Дэлхийн зарим улс оронд интернэтэд холбогдохыг хориглох, онлайн орчинд үг хэлэхийг  гэмт хэрэгт тооцох зэрэг үзэгдэл байсаар байна. Энэ нь хувь хүний эрхээс  гадна эдийн засгийн асуудал гэдгийг хуралд оролцогчид онцолж байна. Жишээ нь, Хятадын Засгийн газар зарим нэг блог, веб сайтыг хаахад энэ нь өөрийн улсын төдийгүй Хонгконг, Сингапур, Нью-Иорк зэрэг хотуудаас хандаж буй хэрэглэгчийн мэдээллийг хязгаарладаг аж. Тиймээс интернэтийг нийтэд нээлттэй, чөлөөт орон зай байлгахын тулд хамтран ажиллах шаардлагатай гэж эвсэлд нэгдсэн улс орнууд үзэж байна. Ингэж чадвал хүний үг хэлэх эрх чөлөөг боогдуулах, интернэтэд холбогдох боломжийг хязгаарлах, контентод цензур тогтоох, мэдээлэл авах боломжийг хязгаарладаг улсуудын бодлогыг өөрчилж чадна гэж үзэж буй.


Ингээд  бага хуралд оролцогчдоос  байр суурийг нь сонирхсноо хүргэе.

Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал:

-Интернэт  асар их боломжийг олгож байгаа техникийн дэвшил.  Хэрэглэгчийн тоо олон болох тусам бидний амьдралын дадал хэвшил, зан үйл гээд бүгдэд  нөлөөлж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж юу болох,  үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх  анхан  шатны мэдэгдэхүүн байна.  Одоо нэг харахаар интернэт сайхан боломж  олгож байгаа юм шиг байвч олон сөрөг зүйлийг дагуулж байна. Үүнийг зохицуулах үүднээс манай Харилцаа холбооны зохицуулах хорооноос янз  бүрийн дүрэм журам баталсан.  Эдгээр зохицуулалт зөв зохистой мэт харагдавч НҮБ-аас гаргасан олон улсын хэм хэмжээ, манай улсын соёрхон баталсан конвенцийн хүрээнд аваад үзвэл  зөрчилтэй  харагдана. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хэрэгт шалгуулах тохиолдол гарч байна. Нөгөө талаар шүүлтүүр хэрэглэх, цахим мэдээллийн  сайтыг бүртгэхдээ лиценз олгох зэрэг дутагдал байна. Монгол Улс Онлайн эрх чөлөөний эвслийг  даргалаад ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаагийн хувьд дотоод, гадаадын хууль, Үндсэн хууль,  соёрхон баталсан гэрээ конвенцийн хэм хэмжээнээс давсан дүрэм журмаа өөрчлөх цаг  болсон гэж би үздэг.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа:

Энэ удаагийн хурал мэдээлэл харилцаа холбооны талаасаа илүү  ардчилал, хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  эрхийг чухалчилж байгаа нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа. Эвсэлд 26 улс  нэгдсэн. Монгол Улс эвслийг даргалах хугацаанд Литва, Норвеги, Австрали  гэсэн гурван улс шинээр элсээд байна. Эвсэлд нэгдэхийн тулд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан, олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын  үйл ажиллагаа зэргийг шалгуураа болгодог. Монгол Улс  Ази тивдээ  үзэл бодлоо  илэрхийлэх эрх чөлөөг харьцангуй сайн хангасан орны тоонд ордог. Гэхдээ бидэнд сайжруулах зүйл бий. Энэ асуудлаар холбогдох байгууллагууд дүгнэлт хийж байгаа. Хууль эрхзүйн орчныг сайжруулах  хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж байгаа.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн:

Хувь хүний нууцын асуудал эргээд цахим эрх чөлөөний нэг асуудал болж байна. Энэ асуудлаар дэлхийн хэмжээний экспертүүд хоёр өдөр ярилцах юм. Тавхан жилийн өмнөөс дэлхийн 26 орон онлайн эрх чөлөөний асуудлыг хөндөж тавиад явж байна. Ийм нөхцөлд барин тавин хэлэх тодорхой арга зам алга. Тэр арга  замыг  олохын  тулд  энэ удаагийн хурлыг хийж байгаа.

 

 

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа:

Дэлхийн улс орнуудад онлайн орон зай дахь хориг саад өндөр. Хэдийгээр контент чөлөөтэй  гардаг ч түүнээс болоод хувь хүний эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд хориг  тавих тохиолдол их байна. Хамгийн сүүлд, Англид хөлбөмбөгчнийг хар арьстан гэж сэтгэгдэл бичсэнийхээ төлөө хариуцлага хүлээсэн тохиолдол гарлаа. Монгол Улсын хувьд, энэ асуудал ус агаар мэт хэрэгтэй гэж хардаг. Нөгөө талдаа шинэ тутам гарч байгаа харилцааг зохицуулах  томоохон хуулийн төслүүд одоо л хийгдэж байна. Цаашдаа олон улсын жишигтэй уялдуулж сайн л боловсруулах ёстой. Ц.Бат инженерийн хэргийг интернэтийн эрх чөлөө талаас нь авч үзвэл харьцангуй ойлголт. Харин хувь хүн буюу хохирогч шүүхэд хандсан асуудал нь Монгол Улсын  хуулийн хүрээнд явж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, энэ асуудал бол хоёр хүний хоорондын маргаан. Харин аливаа мэдээллийн хэрэгслийг хаах асуудал нь Зохицуулах хорооны журамд зааснаар зохицуулагддаг. Ингэхдээ  тодорхой  үндэслэл барьж байгаа. Хаасан  тохиолдолд энэ асуудал шүүхийн процесс руу ордог. Шүүхээс буцаагаад нээх ёстой гэж үзвэл нээдэг. Шүүхийн шийдвэрээр л шийдэгддэг. Харилцаа холбооны зохицуулах  хорооноос хаасан  amjilt.com, zaluu.com, порно сайтуудыг хаасан  асуудлыг хүмүүс хэлэх байх. Энэ бол  шинэ зохицуулалт үгүйлэгдэж байгаагийн нэг хэлбэр илэрч байна гэсэн үг. Тэгэхээр ямар тохиолдолд хаах вэ, ямар  тохиолдолд хаахгүй вэ гэдгийг зохицуулсан хууль хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.  Журам нь хэрэгцээгээ хангаж чадаж байна уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Насанд хүрээгүй  иргэнийг зарим сайтад нэвтрүүлэхгүй байх саналыг Эрүүгийн цагдаагийн газраас гаргасан. Яагаад гэхээр энэ нь гэмт хэргийн сэдэл болж байгаа учраас зохицуулалт хийгээчээ гэсний дагуу хаасан. Цаашдаа порно сайтуудад орох эрх нь чөлөөтэй ч хүүхэд нэвтрэхгүй байх “child code”-той болох зохицуулалтыг  үе  шаттай хийнэ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын интернэт хэрэглэгчийн тоо 1.1 сая,  үүрэн холбооны хэрэглэгч 4.2 сая, 3G технологи хэрэглэгчид 1.3 сая, ухаалаг утас хэрэглэгчид 1.6 сая байгаа  гэх тоо байна. Түүнчлэн мэдээлэл  технологийн салбар 2014 онд 400 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон бол веб сайт үйлчилгээ эрхлэгчдийн орлого 40 тэрбумыг эзэлж байгаа аж.

Хэдийгээр интернэт хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа ч  хувийн халдашгүй байдал, нууцлал, өгөгдлийг хамгаалах тал дээр  учир дутагдалтай, хүн бүр аюулгүй, нээлттэй интернэтэд хандах тэгш эрх хангагдаж чадахгүй байна гэж салбарынхан дүгнэж байна. Тиймээс Монгол Улс интрнэтийн зохицуулалт, онлайн эрх чөлөөний зарчмуудыг боловсруулах шаардлага үүссэн гэж дүгнэж байсан юм.

Дэлхийн 26 улсаас бүрдсэн эвсэл ээлжит бага  хурлаас гарсан хөтөлбөрийн хэрэгжилтийг Ажлын  хэсэг томилон хянадаг байна. Хамгийн гол нь тэдний   үйл ажиллагааг ил далд байдлаар хязгаарлаж, дарамт  шахалт үзүүлж байгаа энэ үед эвсэл өөрийн баталсан стандарт, зарчмаа  хэрэгжүүлэх тал дээр идэвхитэй  ажиллах шаардлагатай гэж үзжээ.

С.ОТГОНСҮРЭН


Ц.Элбэгдорж: Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний чухал хэсэг юм

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод өнөөдөр эхлүүллээ.

Төрийн ордонд болсон уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр  “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг улсынхаа нийслэлд хүлээн авч байгаад их баяртай байгаагаа үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн эгнээнд багтаж, эвслийг тэргүүлж, энэ чухал арга хэмжээг зохион байгуулж байгааг тэрээр үнэллээ. Монгол Улс 3 сая хүн амтай. Интернэт хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрсэн. Гар утас хэрэглэгчид давхардсан тоогоор 5 сая байдгаас 1,8 сая нь ухаалаг систем хэрэглэгчид гэдгийг тэрээр онцоллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө 20-25-хан жилийн өмнө ярьдаг утас маш ховор, гадаад орнуудтай юм уу орон нутагтай холбоо барихын тулд хөдөө бол аймгийн шуудан дээр, нийслэлд бол Төв шууданд очиж дугаарлан ярьдаг байсныг дурсаад сүүлийн богино хугацаанд Монголд онлайн систем асар хурдтай нэвтэрч монголчууд ийнхүү хүн амаасаа олон гар утастай болсныг хуралд оролцогчдод сонирхуулсан юм. Тэрээр өөрөө малчны гэрт төрсөн, эмч хэрэгтэй боллоо гэхэд хоногийн 24 цагт ч хөтөлгөө мориор явж эмчид дуудлага хүргэдэг байсныг мөн дурслаа.

Тэгвэл одоо дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байна. Ганцхан хормын дотор 500 мянган мэдээ, мэдээлэл солигдож, 47 сая богино мессеж солилцож, 400 мянган твиттер, 4,3 сая фейсбүүк мессежийг бичилцэж байна. 160 сая ам.долларын өртөг бүхий гүйлгээ Амазон.комоор хийгдэж байна. Мөн 138 мянган видео бичлэг юүтүбт орж байна. Энэ бол гайхамшиг гэдгийг тэрээр үгэндээ онцлов.

Мөн онлайн эрх чөлөө бол дэлхий нийтийн хэрэглээ боллоо. Онлайн эрх чөлөө нь бүх нийтийн үнэ цэнэтэй хэрэглээ болж чадлаа. Үүний зэрэгцээ цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь  маш чухал. Хэдийгээр нээлттэй улс, нээлттэй засаг байгаа боловч аюулгүй байдлыг хангаагүйгээс сөрөг талууд гардаг.

Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний хамгийн чухал зүйл болоод байна. Бид үүнийг ойлгох ёстой. Түүний зэрэгцээ онлайн ертөнцөөс үүдэлтэй олон асуудал гарч ирж байна. Монгол Улсад интернэтийн эрх чөлөө, ил тод байдал бий болсонтой холбоотойгоор хүнийг гутаан доромжлох, гүтгэх хандлага гарах тохиолдол байдаг. Гэлээ ч гэсэн олон улсын жишиг, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв гэж бодож байна. Тиймээс интернэт хэрэглэж байгаа хувь хүмүүс хариуцлагатай, ёс зүйтэй байх нь хамгийн чухал. Та интернэт, твиттер, фейсбүүкт тавьсан мэдээллийнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Түүнийг чинь хүүхдүүд, бусад хүмүүс бас бусдад дамжуулж түгээдгийг бодолцох ёстой.

Онлайн эрх чөлөөг хөгжүүлэх нь Засгийн газраас шалтгаалах зүйл биш, бие хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл юм. Засаг, төрийн үйл ажиллагаанд хүмүүсийн дуу хоолой, чөлөөт сэтгэлгээг оруулах нь зөв юм. Хүмүүс эрх чөлөөг эдлэх тусам илүү бүтээлч байж чаддаг. Илүү бүтээлч болсноороо илүү хариуцлагатай байж чадна. Өнөөдрийн хүмүүс маш олон мэдээлэл дундаас ихийг олж мэдэж, мэдээлэлтэй болох тусам илүү үнэ цэнэтэй болж байна.

Ямар ч Засгийн газар хүмүүсийнхээ төлөө илүү хариуцлагатай байх ёстой. Тиймээс эрх чөлөөт төрийг эрхэмлэх нь хамгаас чухал. Ингэснээр иргэд үнэтэй болно. Ардчилал бол суралцах процесс юм. Иргэд хардах, шүүмжлэх эрхтэй, Тэглээ гээд тэдний эрхийг зөрчиж, хязгаарлаж болохгүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ нь ардчилсан нийгмийн онцлог давуу тал юм.

Одоо бидний өмнө сорилт тулгарч байна. Өнөөдөр гар утас, нийгмийн харилцаа, олон нийтийн мэдээллийн сүлжээ зэрэг нь нийгмийг хөдөлгөөнд оруулахад хялбар дөхөм болгож байна” гэлээ. Үүндээ тэрээр “Арабын хавар” зэрэг сүүлийн үеийн хөдөлгөөнүүдээс иш татав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгэндээ 1989-1990 оны ардчилсан хөдөлгөөний манлайлагч, удирдагчдын нэг байснаа мөн дурслаа. Тэр үед Монголд ганц телевиз, 6 сонин, хэдхэн тооны сэтгүүл байсан. Социализмын үед улсыг засаглахын тулд хэвлэл, мэдээллийг нь барьж байх хэрэгтэй байсан. Одоо тийм боломжгүй болсон. Ердийн иргэн хүн өөрийн твиттер, фейсбүүк,  олон нийтийн мэдээллийн сүлжээгээрээ дамжуулаад өөрийн хэвлэх, нийтлэх орон зайтай болсон. Олон мянган жилийн түүхтэй төр гэдэг уламжлалт сэтгэлгээ өнөөдөр  онлайн хэрэглээ, олон нийтийн мэдээллийн сүлжээ хөгжсөнөөр өөрчлөгдөж байна гэдгийг онцоллоо. Онлайн хөгжсөнөөр Нardwer буюу техник хангамж нь өөрчлөгдөхгүй, softwer  буюу программ хангамж нь өөрчлөгдөж байна. Анхны гар утас овор хэмжээ том байсан бол одоо жижиг, ухаалаг болсон гэв.

Үгийнхээ төгсгөлд тэрээр онлайн хөгжил нь нийгмийн, хүний, эдийн засгийн хөгжил, хүний эрхийн нэг чухал хүчин зүйл юм. Онлайн эрх чөлөө, мэдээллийн технологийн хөгжил хоёр нягт уялдаатай юм гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн төгсгөлд мөн товч үг хэлсэн юм.

Эх сурвалж: president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж