Singapore school of Mongolia ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид өнөөдөр /2019.04.05/ хоолонд хордож, хоёр хүүхэд нь сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр "SSМ сургуулийн сурагчид өнөө өглөө ХӨСҮТ-д суулгалт болон маш өндөр халуунтайгаар ирсэн. Тус сургуульд хордсон гэх 30 хүний найм нь сургуулийн ажилтан, үлдсэн нь сурагчид. Хоёр сурагчийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Хордсон ажилтан болон сурагчид нь лхагва болон мягмар гаригийн хоолноос хордсон байх магадлалтай. Бидэнд байгаа мэдээллээр тус сургууль нь I-VI ангийн 200 гаруй сурагчтай юм билээ. Тиймээс тус сургуульд сурдаг сурагчид суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай ХӨСҮТ-д ирж шинжилгээ өгөхийг сануулж байна" гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад олон хүүхдийг хамарсан хоолны хордлого ихээр гарч байгаа тул Эрүүл мэндийн яам ерөнхий боловсролын сургуулиудыг энэ тал дээр анхаарч ажиллахыг онцгойлон анхааруулж байна. Тухайлбал, он гарсаар нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM (Singapore school of Mongolia) сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарчээ. Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 орчим сурагчид хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байгаа аж.
Хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байгаа аж. Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах таван түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатайг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.
Холбоотой мэдээ