Шинжлэх ухааны "Lancet" сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүнгээс үзэхэд, хоол тэжээлийн тэнцвэрт бус байдал, буруу хооллолтын улмаас жилд 11 сая хүн амиа алдаж байна гэсэн итгэмээргүй дүгнэлт гарчээ.
Эрдэмтэд буруу хооллолт нь тамхинаас ч илүү аюултай, хүний амьдралын эрсдэлт хүчин зүйл болж буй бөгөөд орчин цагт дэлхий дээр таван хүн тутмын нэг нь энэ шалтгааны улмаас нас барж буйг тогтоосон байна. Судлаачид хоол тэжээлийн тэнцвэрт бус байдлыг хоёр янзаар тайлбарлахдаа, эхний шалтгаан нь хүнсэнд уураг, өөх, нүүрс ус байнга дутагддаг, хоёр дахь нь мах, элсэн чихэр, давс болон бусад бүтээгдэхүүн хэт их хэрэглэж байна гэж үзжээ.
Энэ бүхнээс хамгийн их эрсдэлт хүчин зүйлээр талх, шар буурцгийн сүүмс, бэлэн бүтээгдэхүүн зэргийн орцонд ордог давсны хэрэглээг нэрлэсэн байна. Судлаачдын үзэж буйгаар, буруу хооллолт нь таргалалтаас илүүтэй хүний зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хорт хавдраар өвчлөх гол шалтгаан болж буй аж. Судалгаагаар хүн амын дундаж наслалтад хоол хүнсний хэрэглээ хэрхэн нөлөөлж буйг тодорхойлохын тулд олон орны хоол тэжээлийн онцлогийг харгалзан үзсэн байна. Дэлхий дээр хэт их давсны хэрэглээний улмаас жилд гурван сая хүн, бүхэл үрийн бүтээгдэхүүний дутагдлаар мөн гурван сая хүн нас барсан бол жимс, жимсгэний хомсдол хоёр сая хүний нас барах шалтгаан болжээ.
Нас баралтад нөлөөлдөг бусад хүчин зүйлсэд сам хорхой, үр, хүнсний ногоо, далайн гаралтай хоол, омега-3, өөхний хүчлүүдийн хэрэглээ дутагдал зэрэг орсон байна. Зохистой, тэнцвэртэй бус хооллолтын улмаас нас барсан 11 сая хүний 10 сая орчим нь зүрх судасны өвчнөөр өөд болсон бөгөөд энэ нь давсыг хэт их хэмжээгээр хэрэглэх нь илүү аюултай болохыг харуулжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ