"Ерөнхийлөгч хуулийн байгууллагыг улс төрийн зодуур битгий болгоосой"

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Live"Ерөнхийлөгч хуулийн байгууллагыг улс төрийн зодуур битгий болгоосой"

"Ерөнхийлөгч хуулийн байгууллагыг улс төрийн зодуур битгий болгоосой"
17 : 58
2019-4-5

С.Жавхлан: Б.Жаргалсайхан та хэн нэгний өс хонзон авах, бусдын нөлөөлөлд битгий автаарай

Монгол Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохтой холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Нэр дэвшигчид амжилт хүсье.1988 оноос хойш салбартаа идэвхтэй ажиллажээ. Монголчууд их цөөхөн. Тийм болохоор нууц зүйл маш бага. Сүүлийн үед цахим мэдээллээс харахад таны талаар сөрөг мэдээлэл гарахгүй байна. Тэгэхээр цагаан мөртэй ажилласан юм уу даа гэж харж байна. салбартаа олон жил ажилласны хувьд танаас эр зориг  шаардагдана. Та том том хэргүүд дээр ажиллана. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, С.Зориг агсныг хөнөөсөн гэх мэт том хэргүүдэд ажиллахад ихээхэн эр зориг гарна. Хамт ажилладаг байсан хүмүүс тань утасдах байх. Та Монгол төрийн сүлднийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч,шударга ажиллаарай. Иргэдийн хууль шүүхийн байгууллагад итгэх итгэлийг та авчраасай. Таны ажилд амжилт хүсье. Маш их бэрхшээл дундуур явах байх, гэхдээ үүнийг хэн нэгэн өөрчлөх ёстой.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Энэ албан тушаалын нэр хүнд маш чухал. Өнөөдөр Монгол төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг, үүсээд байгаа түвэгтэй асуудлуудад хяналт тавьдаг эрх дархтай байгууллагын удирдлагаар та  очих гэж байна. Өнөөдөр эрүүдэн шүүх ажиллагаанд хяналт тавих гол үүрэг нь прокурорын байгууллага.  Өнөөдөр асуудал их гарч байгаа нь прокурорын байгууллагын алдаатай холбоотой. Та ажиллаа сайн хийхгүй л бол дараа нь цагдаа, тагнуул, прокурорын байгууллага руу хариуцлагаа чихдэг шүү. Үүний тод жишээ Ц.Нямдорж, энэ хүн хууль зүйн салбарт 20 гаруй жил ажилласан атлаа өнөөдөр гэнэт ухаан орж байгаа мэт ярьж эрүү шүүлтийг илрүүлж байгаа баатар болж тоглож байна.  Хууль зүйн салбарыг эрүү шүүлтийн талбар болгосон хүн нь шүү дээ.  Энэ нөхрийн цаад санаа нь юу юм, үүнд прокурорын байгууллага хяналт тавих ёстой. өнөөдөр эрүүдэн  шүүлтэд өртсөн олон хүн бий. Тэдний нэгээс нь ч уучлалт гуйсангүй.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг.Төрийн хариуцлагатай албанд очихдоо яагаад заавал тангараг өргөдөг нь учиртай. 2016 оны долдугаар сарын 12-ны 12.45 цагт УИХ-ын энэ гишүүд тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас хойш өргөсөн тангаргаа тэд мартсан. Уг нь бол тангараг гэдэг нь эр, эм аль нь ч бай цээжинд нь гал мэт асч, зүрхэндээ хадаж авч явахыг хэлдэг. Тангаргаасаа няцсан хүмүүст хандаж хэлмээр байна. Та нарт зориулсан тангараг хэлж өгье.Улстөрчид нь хувийн байгууллагынхаа эрх ашгийн төлөө зээл хууль, төсөл төлөвлөгөө авч зөвхөн хувийн байгууллагынхаа болон эхнэр, хүүхдээ баяжуулахын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглая гэдэг шинэ тангарагтай болмоор байна. Харин томилогдож байгаа хүмүүс нь намайг томилсон даргынхаа төлөө үхэн үхтлээ зүтгэнэ гэдэг тангарагтай болмоор байна. Энэ бол өнөөдрийн нийгмийн үнэн бодит байдал. Манай даргыг муулах юм бол цагдан хорино гэдэг. Улсаа хөгжүүлнэ гэж худлаа ярихаа одоо болих хэрэгтэй. Нам дотроо бүлгэм, бүлгэм дотроо жигүүрээ хөгжүүлнэ гэдэг  тангарагтай болчихмоор юм. Нэг удаа хэлээд л түүнийгээ мартахыг тангараг гэдэггүй юм. Б.Жаргалсайхан прокурор  та хэн нэгний өс хонзонг авах, бусдын нөлөөлөлд битгий автаасай гэж хүсч байна. Прокурорын тангарагт "Гаднын нөлөөнд үл автах" гэж маш чухал, өгүүлбэр байна. Та тангаргаасаа битгий няцаарай.

УИХ-ын гишүүн Санжмятав:

-Хууль хяналтын байгууллагын нэр хүнд унасан цаг үед та ажиллах гэж байна. мэргэжлийн сайн баг бүрдүүлж, хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр удирдлагууд нь солигдож байгаа ч гэсэн 95 хувь нь шударга, үнэний төлөө ажиллаж байгаа олон прокурорууд бий, тэднийхээ хүчийг ашиглаж ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Ерөнхий прокурор ингээд томилогдох байх. Одоо ерөнхий шүүгчийнхээ асуудлыг УИХ-д хурдан оруулж ирээч. Яг үүн шигээ ерөнхий шүүгчийг даруй оруулж ирмээр байна. Ирэх долоо хоногт оруулж ирж, шийдмээр байна. Байнгын хороо одоо байнга хэрэг, албан тушаал, эрүүдэн шүүсэн, тамласан гэсэн асуудал л ярьдаг боллоо.

 УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүдийн 94.6 хувь нь Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилохыг дэмжлээ. Санал хураалтын дүнг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулах юм.

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг хаалаа.

17 : 12
2019-4-5

Ц.Нямдорж: Ерөнхийлөгч хуулийн байгууллагыг улс төрийн зодуур битгий болгоосой

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Огт бизнес хийгээгүй насаараа төрийн албанд ажилласан хүмүүс орлогоо тайлбарлаж чаддаггүй. Таны гэр хаана вэ. Хөрөнгө орлогын мэдээллээ танилцуулаач.

Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан:

-Нийгэмд гарч байгаа олон хэргүүдийн шийдвэрлэлтээс хамаарч олон нийт шүүхийн байгууллагыг дүгнэдэг. Би  ганц гурван өрөө байртай. Энэ байрандаа 10 гаруй жил амьдарч байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Ямар ч албан тушаалыг бид итгээд дэмжиж болно. Ажлын үр дүн, үүрэг нь хамгийн чухал. Хууль шүүхийн байгууллагад Үндсэн хууль зөрчсөн асуудал хавтгайрсныг бид бүгдээрээ харсан. Өнгөрсөн 30 жил бий болсон бүлэглэлтэй та яаж тэмцэх вэ. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллаагааг олон нийтэд яаж ил болох  вэ. Улс орныхоо эрх ашгаас урвасан гэрээнүүд  олон хийгдсэн.  Энэ бүхэнд хариуцлага тооцохгүй бол дахин ийм байдал бий болохыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд халдах явдал хамгийн их гарч байна. Гэтэл үүнийг хэрэгсэхгүй болгочихдог. Ийм захиалгатай гэмт хэргүүдэд Прокурорын байгууллага анхаарал хандуулах цаг болсон.

Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан:

-Тийм ээ. Хүний нэр хүндэд халдах, гүтгэх явдал их гарч байгаа нь үнэн. Цаашид ч өсөх хандлагатай байна. Зөрчлийн хуулиар зохицуулдаг. Хуулийн байгууллагын бүтцийн тухайд гэвэл би зөвхөн Прокурорын байгууллагын бүтцийн асуудлыг ярих боломжтой. Бүтцийн асуудлыг судалж үзнэ. Нийгэм бүхий л  талын хариуцлагыг нэхэж байна. Прокурорын байгууллагын дэргэд өмнө нь мөрдөн байцаах алба гэж байсан. Үүнийг дахин сэргээх эсэх эрх нь та бүхэнд бий. Харьяа чиглэлийн тухайд  прокурорын байгууллагын дэргэд мөрдөн байцаах алба байх нь зөв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Хуулийн байгууллагын шинэчлэлээ явагдаж байна. Энэ чиглэл Улсын Ерөнхий прокурорыг өөрчлөхөөс эхэлж байна. Албан тушаалтныг нэгийг нөгөөгөөр солих тухай асуудал биш шүү. Хэргийг шийдвэрлэх, хэтрүүлэх гээд бүхий л эрх нь зөвхөн Улсын Ерөнхий прокурорт бий. Таныг Л.Энх-Амгалан прокуророос илүү ажиллана гэж энэ албан тушаалд томилж байгаа. сайн ажиллах байх гэсэн хүлээлт  ч нийгэмд бий. Иргэний эр зориг гаргах шийдвэрүүд таныг цаашид хүлээж байгаа байх. Нийгэмд шударга бус явдал алдагдсан. Хоёр үхэр хулгайлсан хүн шоронд ордог бол 200 үхэр хулгайлсан хүн өнөөдөр ял хүлээдэггүй ийм л шударга бус байдал гарч байгаа.  Эдийн засагтай холбоотой том том гэрээнүүдэд хэний ч нөлөөнд автахгүй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Хуулиа барьж ажиллаарай. Хэний ч хараат бус бие даасан шийдвэр гаргана гэсэн зарчмаа барьж ажиллахыг хүсье. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Гайгүй шударга ажиллах  болов уу гэж танд  бага зэрэг найдаж байна. Томилогдсоныхоо дараа өөр хүн болчихдог шүү. Хууль хяналтын байгууллагыг улс төрийн зодуурын хэрэгсэл бүү болгоосой гэж танаас хүсч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Сүүлийн 10 гаруй жил бий болсон шударга бус байдал улс төрийн нөлөөллөөс эхлэлтэй. Анх удаа салбартаа 30 жил ажилласан хүн томилогдож байгаа учраас хариуцлагатай ажиллана гэж бодож байна. Прокурорын байгууллагыг улс төрөөс ангид байлгах ажлыг та хийх хэрэгтэй. Улстөрийн нөлөөгөөр хууль шүүхийн байгууллага хөдөлснөөр ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг бид сүүлийн 10 жил харлаа.

Үүгээр гишүүд асуулт асууж дууссанаар үг хэлж эхэллээ.

16 : 48
2019-4-5

Л.Мөнхбаатар: Прокурорын дэргэдэх ёс зүйн зөвлөлийг сайн ажиллуулах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Прокурорын байгууллагыг улстөржсөн гэдэг яриа байдаг байсан. Үүнийг засах үүднээс прокурорын тухай хуульд хуульчийн мэргэжлээр  10-аас дээш жил ажилласан  байх мөн насыг нь тодорхой зааж өгсөн. Хуулиудын хэрэгжилтийн талаар мөн Монгол Улсын эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсмоор байна. Энэ мэдээллийг УИХ-аар даруй оруулж  ирээрэй.  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гээд бүхий л шатанд Прокурор хяналт тавьдаг. Ялтанд шаардлагатай арга хэмжээ авах нь Прокурорын үүрэг. Хууль зөрчихгүй, хүний эрхийг зөрчихгүйгээр прокурор ажиллах ёстой. Прокурорыг яллах үүрэгтэй гэж ойлгодог тал бий. Прокурорын ажилтнуудын  ёс зүйтэй холбоотой асуудал их яригддаг. Дэргэдээ ёс зүйн зөвлөл гэж ажилладаг ч хангалтгүй. Хэрэв энэ зөвлөл сайн ажилладаг байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж :

-Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин өндөр байж шударга ёс тогтноно гэж би хардаг. 2016 онд  Төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд  би прокурорын албан хаагчдыг цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.  Прокурорууд бараг 3 сая орчим төгрөгийн цалинтай болсон. Та хэдэн төгрөгийн цалин авч байв. Прокуроруудыг шударга  ажиллаасай гэж ард түмний татвараас  тэдэнд өндөр цалин  өгч байхад шударга бус ажиллаж Прокурорын байгууллагын нэр хүндийг унагаадаг асуудал бий. Шударга ёсыг бий болгохын төлөө таныг ажиллана гэж бодож байна.

Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан :

-2016 оноос Прокурорын цалин бага байсан. Цалин бага байснаас үүдэж олон ч Прокурорууд  ажлаасаа гарч хүний нөөцийн тогтворгүй асуудал үүссэн. Харин 2016 оноос хойш Прокурорын цалинг нэмснээр тогтвортой байдал бий болсон. 2016 оноос өмнө миний  үндсэн цалин  нэмэгдэлгүйгээр 880 мянган  төгрөгийн цалин байсан бол  2016 оноос хойш нэмэгдэлгүйгээр үндсэн цалин 1 сая 700 мянган төгрөг болсон.

16 : 24
2019-4-5

О.Содбилэг: Эрүүдэн шүүсэн бичлэгийг хуульч, эмч нар үзэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-С.Зориг агсны хэргийг шийдвэрлэхдээ иргэдийг яргалж байж, хэргийг хүлээлгэсэн байна. Энэ нь миний сонгогдсон Орхон аймгийн иргэд. Шүүхийн шийдвэр гарсан байгаа. Та хэрэв  ажлаа хүлээж авбал  шүүхэд эсэргүүцэл бичих үү.  Хэргийн шийдвэр маш олон зүйлийг нууц гэдэг нэрээр халхалж, гаргасан. Нууцлалаас гаргасан атлаа прокурор дээр гацсан гэж ойлгож байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэрийг та ил тод болгох уу.

Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан:

-Миний хувьд эрүүдэн шүүсэн гэх асуудлыг хэвлэлийн мэдээллээр гарсан  хэмжээнд байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Эрүүдэн шүүхтэй холбоотой гарсан асуудлыг нотлох баримтын хэмжээнд буулгаж авах ёстой. Энэ үндэслэлээр прокурор Дээд шүүхэд өргөдөл бичнэ. Бичлэгийн хүрээнд тодорхой хэмжээний мөрдөн байцаах ажиллагаа явагдана. Хуулийн хүрээнд ил гаргах зүйлсийг нь ил гаргана.  

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Хуулийн хүрээнд хэрэг шийдэгдлээ гэж олон нийтэд мэдээлсэн  атлаа хуулиа зөрчсөнийг бүгд харсан. УИХ-ын гишүүд, сэтгүүлчид эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн. Энэ бичлэгийг ил болгомоор байна. Магадгүй хуульчид, эмч нар үзэх ёстой болов уу.

Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан :

-Миний хувьд эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэмжээнд байна.  Ил болгох зүйл байвал хуулийн хүрээнд ил болгоно

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Судалгааны үзүүлэлтээр шударга ёсны  хүсэмжлэл 95 хувьд хүрсэн. Таныг би танихгүй ч намтраас нь харахад энэ системийн бүх шатанд ажиллаж байсан салбарын туршлагатай мэргэжилтэн томилогдох гэж байгаа нь сайн хэрэг. Мэргэжлийн бус хүн прокурорын байгууллагыг удирддаг гажуудал энд хүрээд төгсөж байна гэж ойлгож байна. Таныг хэн томилсноос үл хамааран хууль хяналтын байгууллагын завхралыг засахын төлөө ажиллаарай. Захиалгаар томилсон хүмүүсийг цэгцлэхээс таны ажил эхлэх болов уу гэж бодож байна. Томилсон хүндээ биш төрт ёс, өв уламжлалдаа үнэнч байх ёстой. Нэг ч хүнийг хэлмэгдүүлдэг зорилгогүйгээр ажиллаарай.

16 : 00
2019-4-5

Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч  Б.Жаргалсайханы танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР: 

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
  • 01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж