Ханш нээх өдөр. Энэ өдөр монголчууд талийгаачдын газрыг эргэж, идээ будаа өргөн, газрыг нь зассанаар тэднийгээ баярлуулж, буян үйлдэж байна хэмээн сүсэглэдэг нь эндүүрэл аж. Бидний урд хөрш болох хятад хүмүүс бүрлээчдийнхээ газрыг эргэн, өөрсдийнхөө тухай ярьж, цатгалан байгаарай хэмээн газар дээр нь гурван мантуу тавьдаг ёстой. Харин монголчууд талийгаачдын газарт очихыг цээрлэдэг гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас дараах зүйлийг тодруулав.
-Ханш нээх өдрөөр талийгаачдын газарт очих нь Хятадын ёс заншилтай холбоотой юу?
-Ханш нээх өдөр улирлын хувьд өмнө ба хойно нь таарч байх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл, нарны тооллоор тогтоодог. Шар зурхайн тооллоор өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Гэхдээ энэ нь бидний урд хөрш хятад хүмүүст хамаатай байх. Миний санахад олон хоногийн өмнө ханш нээх өдөр Монголд болж өнгөрсөн. Шар зурхайнд улирлыг тооцоолж буй ёслол байна.
–Энэ өдөр монголчууд бүрлээчдийнхээ газарт очиж эргэж тойрохыг цээрлэдэг.Гэтэл эсрэгээрээ байх шиг?
-Монгол хүн өнгөрөгсдийн газарт очдоггүй. Ариун бус гэж үздэгтэй холбоотой. Учир нь итгэл бишрэлийн хувьд бас орчин цагийн шинжлэх ухааны ойлголттой нийцэж байна гэж боддог. Монголчууд эрт үед бурхан болоочдыг нутаглуулахад ил тавьдаг аль болох амьтан хооллож буян үйлдэхийг зорьдог байсан. Тиймээс очиж эргээд байдаггүй. Бидний өвөг дээдэс, настан буурлууд өнгөрөгсдийн газарт очих дургүй ч хүндэтгэдэг байсан. Нутаглуулж байсан газрын ойр орчимд явахдаа мориноосоо бууж хүндэлдэг байж. Эсвэл мориныхоо зүүн дөрөөг мулталж, нутаглуулсан зүг рүү нь хардаггүй гэх мэт уламжлал байсан. Тиймээс биш жил бүр эргэж тойрдоггүй. Энэ бол монголчуудын ёс биш. Дэлхийн улс орнуудад байдаг ёс заншил болгоныг дагах юм бол утгаа алдана.Иймд сүсэгтэн олон ямар түүхэн эх сурвалжаас гаралтай юм, үзэл онолын тухай судлах хэрэгтэй. Ерөнхийдөө аль ч цаг үед буян хийж байвал сайн юм.
– Талийгаачдын газарт очихыг цээрлэдэг нь ариун бус гэж үздэг нь ямар учиртай вэ?
– Нэг талаасаа итгэл бишрэл, ёс заншлын тухайд талийгаачдын газарт очих нь ариун бус орон юм. Нөгөө талаас өнгөрөгсдийн газар буюу оршуулгын газарт талийгаачдын бие мах бодь ертөнцийн жам ёсоор эвдэрч байгаа. Тэндээс маш олон янзын нян бактерь бий. Энэ бүхэн тухайн хүнд халдвал яах вэ. Монголчууд аливаа хүнийг нутаглуулахдаа амьтанд өглөг өгөх, ил тавьдаг байсан нь ийм учиртай байж болно. Өнөө үед Европын соёл, ёс заншлын дагуу авсанд хийж, газарт оршоодог болсон нь ялзарч үгүй болж байна. Ерөнхийдөө бид бусдын ёс заншил соёлыг дагахдаа зөвийг нь авч, бурууг нь гээдэг л байх ёстой.
-Ханш нээх өдрөөр бусдад буян үйлдэхээс гадна саранд түрийвчээ даллавал мөнгөтэй болно гэх яриа хүмүүсийн дунд байдаг. Энэ тухай та юу хэлэх вэ?
– Ханш нээсэн өдөр болон сайн өдрүүдэд түрийвчээ саранд даллаж мянга эргүүлбэл салхи гарч, хэтэвч доторх зүйлс хийсэх байх. Тиймээс биш хүн аз жаргалтай амьдарна, эд хөрөнгө, мөнгө хураана гэдэг тийм хялбар олдохгүй. Хөдөлмөрлөж байж аз жаргал ирнэ. Эд баялагтай болно. Сайхан сэтгэлийн үйлээс үйлдсэн үйл ирдэг. Шашин талаас нь бус монголчууд “Агтын хариу жилдээ аяганы хариу өдөртөө” гэж ярьдаг нь сайхан сэтгэлийн тусын хариу заавал ирдэг.
Холбоотой мэдээ