Азийн топ лигт тоглосон анхны Монгол сагсчин

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Азийн топ лигт тоглосон анхны Монгол сагсчин

NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочныг сагсан бөмбөгийн спортоос онцолж байна.

Азийн топ лиг буюу БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигийн “Сөүл Самсунг” багийн анхны Монгол тоглогч Н.Батбаярыг танилцуулъя. Тэрбээр амралтаараа Монголдоо ирээд удаагүй байгаа бөгөөд Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт энэ улирлын эхний тоглолтоо хийгээд байна. Ингээд түүнтэй танилцъя.


НАРАНГЭРЭЛ БАТБАЯР: 1995.03.02

Төгссөн сургууль:
Баянзүрх дүүргийн 111 дүгээр дунд сургууль

БНСУ-ын сагсан бөмбөгийн “Baejae” дунд сургууль

БНСУ-ын сагсан бөмбөгийн “Yang jeong” ахлах сургууль

БНСУ-ын саган бөмбөгийн “Chung-Ang” их сургууль

Мэргэжил:

Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин
Одоо эрхэлж буй ажил:

БНСУ-ын “Сөүл Самсунг” дээд лигийн сагсан бөмбөгийн тоглогч
Сошиал хуудас: 
강바일 /фэйсбүүк/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАГАА ЭХЛЭХ ҮҮ. БАГА БАЙХЫН САГСАН БӨМБӨГ ТОГЛОХ ДУРТАЙ ХҮҮХЭД БАЙВ УУ?

-Бага байхын сагсан бөмбөг тоглох их дуртай хүүхэд байсан. Байрны гаднах сагсан бөмбөгийн талбайд найзуудтайгаа байнга сагс тоглож өдрийг өнгөрүүлдэг байлаа. Намайг бага байхад ээж маань Солонгост ажиллаж, амьдардаг байсан учраас 2006 онд дүүтэйгээ урилгаар Солонгост очиж, амьдрахаар болсон юм. Би тухайн үед 12 настайдаа 1.72 см өндөртэй хүүхэд байсан. Үе тэнгийнхэн дундаа нуруулаг хүүхэд байлаа. Манай өвөө их өндөр хүн байсан юм. Тэгээд Солонгос улсад очоод өөрийн сонирхлоо илүү хөгжүүлэхээр тэнд сагсан бөмбөгийн дунд сургуульд элсэн орсон. Би дунд сургуульдаа 100 хувийн тэтгэлэгээр суралцсан. Дараагаар нь гурван жил тэтгэлэгээр сагсан бөмбөгийн ахлах ангид шалгаран суралцсан. Цаашлаад ахлах ангиа төгсөөд сагсан бөмбөгийн спортын чиглэлээр их дээд сургуульд хоёр жил сурсан. Тэгээд Монголдоо 2017 онд ирж, Этүгэн их сургуулийн О.Баярцогт багшийн шавь болсон юм.

АНХНЫ АМЖИЛТ

-Миний анхны амжилт гаргасан сагсан бөмбөгийн тэмцээн Солонгост болсон. Солонгос улсад сагсан бөмбөгийн тэмцээнийг дунд, ахлах сургуулийн дунд жил бүр зохион байгуулдаг. Тэр тэмцээнд сагсан бөмбөгийн ахлах ангийн бүх сургуулийн баг орж, өрсөлддөг. Манай сургуулиас өмнө нь шагналт байранд шалгарч байгаагүй. Намайг ордог жил багийнхан маань анх удаа гуравдугаар байр эзэлсэн. Миний хувьд 2014 оны тэр тэмцээнд оролцсоноор маш их урмыг авсан.

Мөн 2017 онд Монголдоо ирж, Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт нэг жил тоглоод буцсан. Тэгээд би Солонгост очиж, их сургуульдаа үргэлжлүүлэн сураад, 3х3 багт тоглож байгаад Монголдоо 2018 оны наймдугаар сард дуудагдаж ирээд, Азийн олимпид оролцсон юм. Үүний дараагаар Солонгост очоод дээд лигт орох хүсэлтээ өгсөн.

АЗИЙН ТОП ЛИГ БУЮУ “СӨҮЛ САМСУНГ” БАГТ ХЭРХЭН ТОГЛОХ БОЛОВ?

-Би Монгол Улсаа төлөөлөн Азийн олимпид оролцсны дараагаар Солонгосын дээд лигт 2018 оны арваннэгдүгээр сард сонгогдсон. Солонгос улсын хэвлэлүүд “Монголын шигшээ багийн тамирчин манай улсын дээд лигт тоглож өндөр оноог авсан” тухай онцолж байсан. Анх Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигт орохын тулд хүсэлтээ гаргаж өгдөг юм билээ. Тэгээд “SBS” телевизээр ярилцлага өгч, Монголын сагсан бөмбөгийн тамирчин дээд лигт орох хүсэлтэй байгаа тухайгаа ярьсан юм.

Тэр нэвтрүүлгээр дамжуулан хүмүүс намайг таньдаг болсон. БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт ороход шалгуур маш өндөр байдаг. Энэ жил нийт 40 тамирчнаас 21 тоглогчийг өндөр шалгуураар сонгон авсан. Нэг багт ганц, хоёр тоглогч нэмж шинээр авсан гэсэн үг л дээ. Миний хувьд 40 тамирчны 19 дүгээрт шалгарч сонгогдсон. Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигт орсон анхны Монгол тамирчин болсон. Одоо Солонгосын дээд лигийн “Сөүл Самсунг” багт тоглож байгаа. Монголдоо ирээд Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Хан-Уул Хангарьд” багт тоглож байна.

САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧИН ХҮНД ЯМАР УР ЧАДВАР ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхэд өндөр нуруутай байхаас гадна хурд ихээр шаарддаг. Бөмбөг залах техникийг маш сайн эзэмших хэрэгтэй. Ер нь бэлтгэлд маш их цагийг зарцуулах нь чухал. Зарим тамирчид өдөрт хэдхэн цаг бэлтгэл хийгээд л харьчихдаг. Солонгос улсад сагсан бөмбөгийн тамирчид тасралтгүй бэлтгэл хийсний үр дүнд амжилтад хүрдэг. Миний хувьд долоо хоногийн зургаан өдрийг бэлтгэлдээ зарцуулдаг. Өглөө ирээд бэлтгэлээ хийгээд амраад өдрийн бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Дараагаар нь хоёр цаг амраад дахин бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлийн байрандаа тусгай амрах өрөөтэй. Дасгалжуулагч багш нар ч тамирчдад маш өндөр шаардлага тавьдаг юм. Миний хувьд үсрэх техникийг сайн эзэмшсэн. Тоглолтын бэлтгэлийн үеэр их үсэрдэг учраас өвдөг ихэвчлэн өвддөг. Бэлтгэл хийсний дараа мөсөөр жин тавьж , физик эмчилгээ хийлгэдэг. Гэхдээ хүнд бэртэл авч байгаагүй ээ.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?

-Би Солонгос улсад аав, дүүгийн хамт амьдардаг. Ээж маань одоо Монголдоо ажиллаж, амьдарч байгаа. Дүү маань бас сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Найз бүсгүй байхгүй.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Миний хувьд ихэнх цагийг тоглолтын бэлтгэлдээ зарцуулдаг. Мэдээж бэлтгэлийн хажуугаар чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулзаж цагийг хамт өнгөрүүлэх дуртай. Бас шинэ гоё кино үзэх, компьютер тоглоом тоглох дуртай. Спортоос өөр ямар нэгэн урлагийн авьяас байхгүй.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Би Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Хан-Уул Хангарьд” багт өөрийн хүсэлтээр орж, эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-ны өдөр хийсэн. Би Монголдоо ирээд долоо хоног л болж байна. Солонгосын дээд лиг хоёр сар амардаг. Энэ хугацаандаа Монголдоо ирээд Ш.Сэдбазар, Д.Мөнхтүвшин ах нартайгаа ярилцаад, түр хугацаанд монголынхоо дээд лигт тоглохоор болсон. Орой /2019.04:05/ Спортын төв ордонд тоглолттой. Монголынхоо сагсан бөмбөгийн “Рлэй офф” тэмцээнд сайн тоглоод тавдугаар сарын эхээр Солонгос улс руу буцна. Солонгосын дээд лигийн тоглолт ирэх аравдугаар сард эхлэх учраас тавдугаар сараас бэлтгэлдээ орно.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Ер нь өөртөө Солонгосын дээд лигтээ олон жил тоглох зорилгыг тавиад байна. Аль болох талбайд олон гарах, тоглох зорилготой. Солонгост сагсан бөмбөгийн талбайд гарахад хэцүү учраас дасгалжуулагч нартаа өөрийн ур чадвараа таниулах нь маш чухал. Тэгж байж талбайд олон гарч, өндөр оноог авч чадна. Миний хувьд Солонгосын дээд лигийн анхны тоглолтод талбайд 15 минут гарах хугацаандаа нийт 13 оноог авч чадсан. Цаашдаа үүнээс илүү хугацаагаа нэмж, өндөр оноог авах хүсэлтэй байна.

Би NBA-гийн Голден Стэйт Уорриорз багийн тоглогч Клей Томпсонг шүтэн биширдэг. Энэ тамирчны шидэлт үнэхээр гайхамшигтай. Талбайд гараад л шууд шидэлт хийдэг чадварлаг тоглогч.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Монгол залуус их дайчин шүү дээ. Тиймээс өөрийн сонирхсон спортоор тууштай хичээллэж чадвал амжилт ойрхон байна. Тэгэхийн тулд маш сайн бэлтгэл сургуулилт хийж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Спортоор хичээллэвэл хүнд бие бялдрын хөгжлөөс гадна маш том хүмүүжил олгодог. Ядаж л цаг баримталж сурна. Ахмад хүнээ хүндэлж, бусдын үгийг сайн сонсож, тэсвэр тэвчээртэй болгон төлөвшүүлдэг юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж