Ө.Энхтүвшин: "Стандарт" банкны дансанд 40 сая доллар шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: "Стандарт" банкны дансанд 40 сая доллар шилжүүлсэн

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар Стандарт банкны өрийн талаар мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Thursday, April 4, 2019

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр /2019.04.05/ “Стандарт” банктай холбоотой өрийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн батлан даалттайгаар Стандарт банкнаас анх  160,1 сая ам.долларыг авсан байна. Стандарт банк мөнгөө төлөхгүй байхаар нь 2012 онд Лондонгийн Арбитрийн шүүхэд хандсан. “Эрдэнэт” үйлдвэрээс 86,95 сая ам.долларыг нэхэмжилжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар орсон юм билээ. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхээс манайхыг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй учир Английн шүүхэд мөн хандсан аж. Английн шүүхийн шийдвэр эцсийнх байсан учир Ерөнхий сайдын захирамжаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг 2018 оны наймдугаар сард гаргажээ. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан байна. Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, "Стандарт" банкны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол эд хөрөнгийг хурааж авах хүртэл шийдвэр гаргасан байна. Ажлын хэсэг эхний ээлжинд гаднын асуудлаа шийдвэрлээд, дараагаар нь дотоодын асуудалдаа орох саналыг Засгийн газарт оруулж, дэмжжээ.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:

-Английн шүүхийн шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол "Стандарт" банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах эрсдэл үүсэх байсан учраас ажлын хэсгийн зүгээс өрийг төлөх саналыг Засгийн газарт оруулсан. Ингэхдээ аль болох бага төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн. Эхний ээлжинд гадаадын өрөө төлөөд, дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр төлүүлэх саналыг Засгийн газар дэмжсэн. Нөгөө тал шууд уулзахгүй байсан бөгөөд төлбөрөө төл гэдэг шаардлагыг тавьсан. Тиймээс АНУ-ын компанийг зуучлагчийг олж, яриа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр удаан хугацаанд хийгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас гаргаж, Стандарт банкинд шилжүүлсэн. Одоо гадна талдаа асуудалгүй болсон учраас буруутай этгээдүүдээр энэ мөнгийг төлүүлнэ.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Стандарт банкны өр албан ёсоор төлөгдөж, дуусгавар болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ энэ мөнгө бол зөвхөн "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан мөнгө дүнг шилжүүлсэн гэсэн үг. Тэр 160 гаруй сая ам.доллар бол Ш.Батхүүгийн өр.

-Ш.Батхүүгийн гарын үсэг хуурамч байсан эсэх асуудлыг шийдэх хуулийн байгууллагын шалгалт эцэслэгдээгүй байна. Энэ шийдвэрийг хүлээх боломж байгаагүй юм уу?

-Хүлээх боломжгүй. Өдөр бүр хүү, алданги нэмэгдээд байсан. Ингэсээр нэг мэдэхэд үйлдвэрийн тодорхой хувийг алдах эрсдэл үүсэх боломжтой байсан.

-40 сая ам.доллар бол бага мөнгө биш. Үйлдвэр өөрөө төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгө. Нэг хэсэг хүний хариуцлагагүй байдлаас болж үр ашиггүй төлбөр төлж байна. Хариуцлага тооцох уу?

-Буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг шүүхээр шийдэж, эцэслэнэ. Шүүх буруутай этгээдээр төлүүлэх ажлаа бид дотооддоо хийнэ. Хууль шүүхийн байгууллага шуурхай ажиллах байх.

-"Монголын зэс"корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшинд мөн бичиг ирсэн гэсэн. Энэ ямар утгатай бичиг вэ?

-Гуравдугаар сарын 1-ний өдрийн бичиг бөгөөд тухайн сарынх 8-нд нь ирсэн. Тэр бичигт 101 сая орчим ам.долларыг яаралтай энэ дансанд төл, төлөхгүй бол цаашид өр, хүү нэмэгдээд явна гэдэг бичиг тухайн үеийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон Ц.Пүрэвтүвшин нарт ирсэн.

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН:

-"Эрдэнэт" үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.доллар гаргаснаар алдагдалд орох уу. Эрсдлийн санг хэзээ байгуулсан юм бэ. Зөвхөн энэ өрийг төлөхийн тулд эрсдлийн санг байгуулсан гэх мэдээлэл байна?

-"Эрдэнэт" үйлдвэрийн хувьд Эрсдлийн сан байсан. Эрсдлийн санг зохих журмын дагуу байгуулсан бөгөөд ийм хүндрэлтэй асуудлыг шийдэхэд тус нэмэр болсон. Үүнээс болж "Эрдэнэт" үйлдвэрийн мөнгөний бодлого, санхүүгийн ажиллагаанд сөрөг нөлөөлөл үүсгэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулна,  үйл ажиллагаанд догдолдол үүсгэхгүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж