БНСУ-ын зүүн хойд эргийн Ганвөн мужийн Госөн хотод өчигдөр /2019.04.04/ ойн түймэр дэгдэж, түймэрт тус улсын таван хот суурин өртөн их хэмжээний хохирол учраад байгаа учир түймрийн бүсэд онцгой байдал зарлажээ.
БНСУ-ын дотоод хэргийн яам, аюулгүйн албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар ойн түймэрт одоогийн байдлаар 385 га ойн бүс өртөн шатаж байгаа ба нэг хүн амиа алдаж, 4000 орчим хүнийг түймрийн голомтоос нүүлгэн шилжүүлж сургуулиудын спорт зааланд түр байрлуулж байгаа аж.
Энэ удаагийн түймэр нь тус улсын түүхэнд тохиож байгаагүй өргөн цар хүрээг хамарч байгаа бөгөөд 900 орчим гал унтраах машин, 32 нисдэг тэрэг, 13000 гал сөнөөгч болон цэргүүдийг дайчлаад байна. Мөн нийт 52 сургууль, томоохон үйлчилгээний газрууд, авто болон төмөр замын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.
Түймрийн голомт болох Ганвөн мужид 617 монгол иргэн албан ёсоор оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар монгол иргэн хохирсон мэдээлэл БНСУ-ын холбогдох байгууллагаас ирүүлээгүй хэмээн Монгол Улсаас БНСУ-д суух элчин сайдын яамнаас мэдээллээ.
Холбогдох байгууллагууд гамшигт нэрвэгдээд байгаа бүс нутаг дахь нөхцөл байдлыг судлан үзэж, гамшгийн бүсэд учирсан хор хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Урьдчилсан дүгнэлтээр түймэр нийслэл Сөүл хотоос 160 км зайтай байрлах Ганвөн мужийн Госөн хотод замын ойролцоох цахилгааны утаснаас гарсан гал замын хажуугийн мод руу авалцан хүчээ авчээ. Хаврын хуурайшилтын үед салхины хүч их байгаагаас түймэр хоромхон зуурт хүрээгээ тэлэн Каннын, Сокчо болон Тонхэ зэрэг дүүргүүдэд шилжин ассан байна.
Эх сурвалж:KOREATIMES, EMBASSY OF MONGOLIA IN SEOUL
Холбоотой мэдээ