
Загварын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Burberry” компани эх газрын Хятадад үйл ажиллагаа явуулдаг франчайзуудынхаа гэрээг цуцалж, салбаруудыг нь худалдан авахаар болсон талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тус компани Хятадын 30 хотод (тэдгээрээс ес нь Бээжин, дөрөв нь Шанхай, Хонг Конгийн Квак Ханг Холдингс компанийн франчайзууд) байгаа 50 дэлгүүрийг өөрийн мэдэлд бүрэн авахын тулд 108 сая ам.доллар төлөхөөр болсон байна. Тус компани дэлхий даяар 236 дэлгүүртэй бөгөөд энэ алхмыг хийснээр брендээ дэлхий даяар нэгэн жигд, хоорондоо уялдаатай болгох болно гэж үзсэн байна. Түүнчлэн маркетингаа болон борлуулалтаа өөрийнхөөрөө хийх давуу талтай болно. Мөн бөөний борлуулалтаас жижиглэнгийн борлуулалтанд шилжсэнээр тус компани жилд 20 тэрбум паундын ашиг нэмж олох болно.
“Burberry” Хятадад үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жил 10 дэлгүүр нэмж нээх болно. Европын гадна салбаруудаа нээсэн нь тус компанид сайнаар нөлөөлж байгаа блолтой. “Burberry”-гийн орлого сүүлийн үед өсөж байгаа бөгөөд жилийн өмнөхтэй харьцуулбал Ази Номхон далайн орлого 30 хувиар, Америкийн орлого 26 хувиар, харин Европын орлого 20 хувиар нэмэгдсэн байна.
Т.Бадрах