Бяцхан сод авъяастан Б.Бат-Энэрэл хүү "Сэтгэлэн Залбирлан" анхны бие даасан тоглолтынхоо бүх орлогыг хүнд ѳвчнөөр шаналж буй Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болжээ.
Одоогийн байдлаар Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардлын 30 хувь нь бүрдээд байгаа бөгөөд аав, ээжийн хамт БНСУ-ыг зорьсон байна. Тэнд ажиллаж, амьдардаг монголчууд хүүг тосон авч, “Самсунг Сөүл” эмнэлэгт хүргэж өгчээ. Б.Бат-Энэрэл хүүгийн "Сэтгэлэн Залбирлан" тоглолтын билет 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд билетийг таны хүссэн газарт үнэ төлбөргүй хүргэж өгнө гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Э.Маргад-Эрдэнийн нагац эгч Б.Ууганбаяртай утсаар холбогдоход “Э.Маргад-Эрдэнэ хүү маань ээж, аавтайгаа БНСУ-ыг зорьсон. Биеийн байдал хэвийн байгаа. Авьяаслаг Б.Бат-Энэрэл хүү анх фэйсбүүкээр Э.Маргад-Эрдэнэ хүүгийн талаар мэдээлэл авч, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх гуайд тусламаар байна гэдгээ хэлсэн юм билээ. Тэгээд бидэнтэй утсаар холбогдож, энэ сарын 14-нд “UB Palace”-т болох тоглолтынхоо бүх орлогыг эмчилгээний зардалд хандивлана гэдгээ хэлсэн” гэв.
Э.Маргад-Эрдэнэ хүү анх бөөрний хорт хавдартай гэсэн лабораторийн буруу хариу, онош тавигдсанаас болж, химийн эмчилгээ, хагалгаа хийлгэснээр биеийн байдал нь ихэд хүндэрчээ. Гурван сарын дараагаар ар гэрийнхэн нь мэдрэлийн эсийн хорт хавдар гэсэн оношийг тогтоолгож, гадаадад эмчлэх боломжтой гэсэн хариуг эмч мэргэжилтнүүдээс сонссон байна. Ар гэрийнхэн нь Тайвань, Турк, Тайланд, Солонгос зэрэг эмчлэх боломжтой улс руу хүүгийнхээ эмчилгээний мэдээллийг явуулснаар БНСУ-аас 400 сая воноор эмчлэх боломжтой гэсэн хариуг хүлээн авчээ.
Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүү эрүүл мэндээрээ хохирсон асуудлаар “Бона Вита” лабораториос энэ сарын 3-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус лабораторийн хуулийн зөвлөх Ж.Бямбажаргал “Тухайн үед хүүгийн ар гэрийнхэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, манай лабораторийг буруутгасан байдалтай бидэнд хандсан. Манай байгууллагын зүгээс хүүг эмчилж буй эмнэлгийн байгууллагаас тодруулж, зөвөөр ойлгуулахыг хүссэн. Ар гэрийнхэн нь ямар ч тайлбар хүлээн аваагүй. Манай лаборатори өвчний онош тогтоодоггүй. Шинжилгээний хариу гаргана. Эмгэг судлалын үндэсний төвөөс бөөрний хорт хавдар байх магадлалтай гэсэн оноштой дагалдах бичиг ирсэн. Биднийг зөвхөн эсрэг биеийн шинжилгээ хийж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан байдаг юм” гэдгийг хэлсэн.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ