Г.Занданшатар: Хуулийн салбарын удирдлагыг яаралтай томилно

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Хуулийн салбарын удирдлагыг яаралтай томилно

УИХ-ын Хаврын чуулган  62.7 хувийн ирцтэйгээр өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийж, УИХ-ын дарга үг хэллээ. Энэ удаагийн чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх, санал өгөх эрхтэй болж байгаа юм.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Энэ удаагийн хаврын чуулган иргэд олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэхээрээ онцлогтой. Үндсэн хууль, хүний эрх, хүний нэр төрийн эсрэг олон улсад хүлээсэн үүргийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь шударга шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илэрхийлж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, улс төр эдийн засгийн бүлэглэл, нөлөөллөөс ангид байх эрхийг дээдэлнэ гэж үзэж байна. Тиймээс чуулганы эхэнд Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Ард иргэдийн санал шүүмжлэл, төр нийгмийн зүтгэлтнүүдээс ирүүлсэн саналыг анхаарч үзвэл шүүх засаглалыг сайжруулах, УИХ-ын нэр хүндийг өсгөх, Засгийн газар иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээ авах санаачлага гарч байна. УИХ-ын гишүүд биш ард түмнийхээ төлөөлүүлэх зарчмаар сонгогдож байгаа учраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд УИХ-ын Ёс зүйн хороонд үүрэг болгож байна.

Бид Монголынхоо төлөө нэгдмэл нэг зорилготой, Монгол хүний хөгжлийн төлөө, учир утгагүй улстөржилтөө зогсоож, бурууг засч, зөвийг засах үйлсэд хүчин зүтгэх шаардлагатай байна. Засгийн газрын гишүүд ч ард түмэнд амласан амлалтаа сайжруулах чиглэлд, УИХ бодлогоор дэмжиж, хяналт тавьж ажиллана. Хаврын чуулганаас эхлэн гишүүд ирцээ бүртгүүлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашигладаг болж байгаа. Бусдын өмнөөс санал өгдөг байдал өөрчлөгдөнө. Баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэслэлтэй мэтгэлцээний хүрээнд ажиллах шаардлагатай байна. Зөвийг бурууг болгон батлах, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах нь Монголын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг зориуд хэлмээр байна. Үүний нэг жишээ бол Монголын ШХАБ-д элсүүлэх гэж байна гэсэн худал мэдээлэл явж байгаа юм. Энэ болсон болоогүй, яриагүй ярьсан зэрэг асуудлын эцсийн шийдэлд УИХ цэг тавина. Хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул УИХ шахуу ажиллана. Гишүүд хариуцлагатай, идэвх санаачлагатайгаар ажиллахыг мэдэгдье.

Одоо УИХ дахь намын бүлгүүд 11.00 хуралдах бол 13.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Улсын ерөнхий прокурорын томилох асуудлыг хэлэлцэх юм. Харин үдээс хойш 15.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар прокурорыг томилох юм.

Ш.ЧИМЭГ

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж