“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг банкны барьцаанд тавьж, Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр гарч Монгол Улс их хэмжээний төлбөрт унаад буй. Энэ удаагийн Арбитрын шийдвэр эцсийнх учраас давж заалдах боломжгүй. Тэгвэл Засгийн газраас энэ төлбөрийг хэрхэн төлөх, Монгол Улс, “Эрдэнэт” үйлдвэрт хохирол багатайгаар хэрхэн зохицуулах боломжтойг судлах, хамтран ажиллах Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй.
Тэгвэл сүүлийн үед “Стандарт” банкнаас өр төлбөрийн асуудлыг яаралтай шийдэх, тав хоногийн хугацаатай албан бичиг ирсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх асуудал үүснэ гэх талаарх мэдээлэл гараад буй. “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэрт хохирол багатайгаар шийдвэрлэхээр талууд ярилцаж байгаа, ажлын хэсгийн үр дүн маш сайн байгаа гэдгийг ажлын хэсгийн ахлагч Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар талууд тохиролцож “Стандарт” банкинд хүү төлөхгүйгээр үндсэн зээлийн төлбөрийг төлөх “тохиролцоонд” хүрсэн гэх мэдээлэл байна. Түүнээс гадна энэхүү төлбөрийг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр болсон гэх албан бус мэдээлэл ч байна. Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин энэ талаар албан ёсны мэдээлэл өчигдөр өгнө гэсэн боловч тодорхой тайлбар өгсөнгүй.
Сануулахад, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас ихэ хэмжээний ам.долларын зээл авсан гэх хэргийг шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм.
Ш.ОЧ