Жагсагчид Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлагаа хүргүүлээд тарав
Ардчилсан намаас зохион байгуулсан "Эсэргүүцлийн жагсаал" зохион байгуулагчид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө. Жагсагчдын зүгээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэхийг хориглох, МАН-ын амлалтыг сануулсан юм. Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж байгаа шаардлагыг танилцуулсан. Энэхүү шаардлагад, хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.
Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.
Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.
Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.
Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна гэсэн юм.
Ийнхүү шаардлага хүргүүлсний дараа эсэргүүцлийн жагсаал өндөрлөсөн юм. 40 мянга гаруй иргэн оролцсон гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс хэлсэн юм.
ЖАГСААЛ: МАН эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр амлалтаа мартсан
Ардчилсан намын жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсаалын үеэр Ардчилсан намын зарим удирдлага жагсагчдад хандан байр сууриа илэрхийлсэн юм.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Өнөөдрийн УИХ-ыг эрхзүйн чадамжгүй гэдгийг нотлох 20-30 шалтгаан байна. Бид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг сануулахаар жагсаж байна. АН-ын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн. Сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байна. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдсээр ирсэн. Тэгэхээр луйврын аргаар албан тушаалыг зарах замаар төрийн эрхийг авсан УИХ тарах ёстой. Шударга хуулийг дээдэлдэг УИХ-ыг шинээр байгуулах ёстой гэж бид харж байна. Та нар санаж байгаа бол эрх баригчдын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс ганц ч зүйл биелсэнгүй. Үүн дээр АН дуугарахгүй бол өөр дуугарах нам алга. Нэгэн цагт АН-д мөр зэрэгцэн явж байсан хүмүүс сүүлийн үед уран гоё донгодох боллоо. Тэд нарт хандаж хэлэхэд та нар байсан байгаагүй бид тэмцэнэ” гэлээ.
АН-ын дэд дарга Р.Амаржаргал:
-УИХ ёс суртахууны үлгэр жишээ байх ёстой. Гэтэл өнөөдөр байгаа хүмүүс үйлдэл, үйл ажиллагаагаараа төрийг гутааж байна. Үндсэн хуулийн үг, үсэг үзэл санааг мэддэг хүн алга. Үндсэн хуулиа мэддэг байсан бол төрийн тогтолцоог ганхуулсан шийдвэрийг өдөр бүр юу гэж гаргах вэ дээ. Бидний шийдвэрийг УИХ сонсох ёстой. Монгол Улсын өмнө их олон сорилт, асуудлууд байна. Энд цугласан олондоо талархаж байна. УИХ-ын тараахын төлөө тэмцье” гэлээ.
Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга:
-Бид 30 жилийн өмнө яг энэ талбай дээр тэмцэж жагсаж байж монголд ардчиллыг авчирсан. Үүнээс хойш монголын ардчилал олон сорилттой тулгарч ирсэн. Монголын хуулийн салбарыг олон жил удирдсан нөхөр монголд эрүүдэн шүүх ажиллагаа байдаг юм байна гэж гайхан ярихыг сонслоо. Монголын төрийн албыг дэлгүүрийн бараа шиг үнэд хүргэж зарах гэж байсныг бид мэдлээ. Улсын мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь хумсалчихдаа буцаагаад өгчихнө гэж “томордог” УИХ-ын гишүүдийг бид харлаа. Монгол улсын тусгаар тогтнолыг устгах гэж байна. Бид үүнийг яав ч тэвчихгүй” гэв.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа:
-Эрх баригчид гурван жилийн турш олон амлалт өгсөн. Гэсэн хэдий ч амлалтуудаа биелүүлэлгүй өдийг хүрлээ. Өмнөх парламентад эмэгтэй гишүүд нам эвслийг үл хамааран хүүхэд, эмэгтэйчүүдийн маш олон хуулийг батлуулсан. Гэтэл энэ парламент гэр бүлийн тухай хуулиа ч батлуулж чадахгүй байна 2016 онд мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг ялгалгүй өгнө гэж байсан бол өнөөдөр гэр бүлийн байдлыг нь харгалзаж олгож байна. Өрх толгойлсон ээж, аавыг дэмжих ганц ч зүйл хийсэнгүй. Өнөөдөр эдгээр амлалтуудаа биелүүл гэж бид шаардаж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө амлалтуудыг ядаж 50 хувь биелүүлсэн бол бид дэмжээд ажиллах байлаа”
Эсэргүүцлийн жагсаалд 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн төлөөллүүд оролцож байна. АН-ын гишүүдийн зүгээс “Шударга зөв зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хэлээд эцсийн эцэст Ардчилал мөнх байх ёстой” гэх байр суурийг илэрхийллээ.
Ардчилсан нам Сүхбаатарын талбайд жагсана
Ардчилсан нам, намын гишүүд дэмжигчид болон иргэд өнөөдөр /2019.04.05/ эрх баригч намын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа ЖДҮ-чдийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд жагсана. Энэ удаагийн жагсаалын гол зорилго нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг сануулахаар жагсах юм. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдсээр ирсэн. Түүнээс гадна эрх баригчид мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байгаа юм. Ардчилсан намын зүгээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг удаа дараа сануулсан ч эрх баригчдын зүгээс албан тушаал, эрх мэдлийнхээ төлөөх зодооноо хийсээр, хамгийн сүүлд хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн гишүүдийн зөвлөмжөөр чөлөөлөх, парламентын засаглалаас ухарсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. УИХ дахь сөрөг хүчний удаа дараагийн шаардлагад эрх баригчид хариу өгөхөөс илүү олонхоороо асуудлыг шийдсээр ирсэн нь өнөөдрийн үүсээд байгаа парламентын засаглалаас ухарч, бүх эрх мэдлийг ҮАБЗ-ийн гурван гишүүний үзэмжээр шийдэх нөхцөл бүрдээд байгааг шүүмжилж буй.
Түүнээс гадна ШХАБ-д элсэх асуудлыг ч жагсаалын үеэр эсэргүүцэх юм байна. Ардчилсан намын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байгаа гэв. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч жагсаалын үеэр илэрхийлэх юм байна.
Э.Бурам
Холбоотой мэдээ