Д.Ганцэцэг: Бид хоёрын бүх зүйл нэгдэж халуун зүрх цохилууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Д.Ганцэцэг: Бид хоёрын бүх зүйл нэгдэж халуун зүрх цохилууллаа

Д.Ганцэцэг: Бид хоёрын бүх зүйл нэгдэж халуун зүрх цохилууллаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал”-аас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулсан. Авьяаслаг бүсгүйчүүд анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киногоо өнгөрсөн баасан гарагт үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү киноны найруулагч, жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцсанаа хүргэе.


Таны найруулсан анхны уран бүтээлийн нээлт сайхан боллоо. Бүтээл туурвих, үзэгчиддээ хүртээх хоёр өөр.  "Халуун зүрх"-ээ үзэгчдийн хүртээл болголоо, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр би маш амгалан, гэгээн байна. Миний амьдралын 17 жилийн  баяр жаргал, уйтгар гуниг, сэтгэл хөөрөл, хайр харуусал гээд маш олон зүйл энэ кинонд шингэсэн. Манай А.Ганчимэгийн сэтгэн бодох чадвар, сэтгэмж, мэдрэмж жүжигчний ур чадварын нэгдэл болон бид хоёрын бүхий л зүйл нэгдэж “Халуун зүрх”-ийг цохилууллаа. Амьдрал бол өөрөө амар тайван энх жаргалтай оршихуйн утга учир гэж боддог. Тийм болохоор хүн болгон хүссэн бүх зүйлдээ хүрч, эрүүл энх элэг бүтэн байгаасай гэж хүсч байна.

“Халуун зүрх” гэж нэрлэсний учир?

-Киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн. Хүний амьдралын бүхий л утга учир бол үр хүүхэд. Энэ ч утгаараа киноны гол дүрийн эмэгтэй амь насаараа дэнчин тавьж хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүүлдэг.

Манай киноны зохиол анх  “Дэлхийг тээсэн эмэгтэй” хэмээх нэртэй байсан. Эх хүн нэгэн шинэ амийг хэвлийдээ төдийгүй халуун зүрхэндээ тээж төрүүлдэг. Төрүүлсэн үрээ сэтгэл зүрхэндээ цаг үргэлж халуун хайраар өлгийдөн өсгөдөг. Тиймээс “Халуун зүрх” хэмээн нэрийг нь өөрчилсөн юм. Энэхүү кино бол миний найруулсан анхны кино.

Ийм ч учраас би анхны киногоо ханьдаа зориулан бичсэн. Киноны гол дүрд ханьтайгаа зан аашийн хувьд төстэй жүжигчин сонгохыг хичээсэн. Миний сонголтод хамгийн дөхөж очсон жүжигчин бол Б.Тамир байсан.

Кино нээлтээ хийж, үзсэн, үзээгүй хүмүүс олон төрлийн таамаг, ухаарлыг авч байгаа байх. "Халуун зүрх" үзэгчдийн сэтгэлд юу үлдээх вэ?

-Хүн болгоны зүрх сэтгэлд байдаг нандин хайр гэж бий. Тэр хайрыг маш эрхэм, ариун нандин үнэнээр нь хадгалж байгаасай. Бидний амьдрал хормын зуур өнгөрдөг. Бид өнөөдөр инээж байгаа ч маргааш уйлж байдаг. Тийм болохоор яг одоо амьд, амьсгалж яваадаа үргэлж таларх. Бид мөнх биш, харин амьдрал мөнх үргэлжилдэг. Үр хүүхдийнхээ төлөө бид улам илүү хичээх ёстой.

– А.Ганчимэгийн зохиолыг кино уран бүтээл болгоход та чухам юунд анхаарч ажилласан бэ?

-Мөнхийн тасаршгүй мөр үлддэг. Үргэлжлэл болсон үр үлддэг … гэдэг санааг л ойлгуулахыг хичээсэн. Дээр нь яагаад заавал энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр айл бүр, хүн болгон нэг хүнд асуудалтай тулгарч байдаг. Өдөрт 16 хүн хорт хавдар хэмээх өвчнөөр шинээр оношлогдож өдөрт  ийм аюулт өвчнөөр амь насаа алдаж байхад үүнийг  төр засаг маань анхааралдаа авахгүй бол болохоо байжээ. Тиймээс энэхүү сэдвийг хөндөж гаргахыг хичээсэн. Хамгийн гол нь хүн болгон эрүүл мэндийн боловсролтой байгаасай. Хоёрдугаарт, улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төвийн орж гарах дөрвөн гарцыг нээгээд өгөөсэй.

Өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн эмнэлгүүд дөрвөн гарцтай байдаг бол манайд харамсалтай нь ганцхан гарц үлдээгээд бусдын хувийн эзэмшлийн компаниуд аваад байшин барилга барьчихсан байна. Гэтэл түргэн тусламжийн машинд суугаад хөдөлсөн мөртлөө эмнэлгийн гадаа хоёр цаг түгжирсээр байгаад машин дотроо өөд болох ч тохиолдол байгаа.

Тийм ч учраас төр засаг маань  түмэн олноо энэрэх цаг болсон. Тийм болохоор энэхүү киног үзээсэй гэж хүсч байгаа юм.

Киног таныг нөхөртөө зориулсан, таны амьдралын тухай байх гэсэн таамаг байсан ч энд өөр бүсгүйн амьдрал өгүүлэгдэж, өөр агууламж илэрхийлсэн байна гэж үзэгчид хэлж байсан?

-Бид хоёрын дунд маш гоё ариун нандин хайр байдаг. Ханийнхаа эмэгтэй хүнийг бусдаас илүүтэй хайрлах агуу сэтгэлийг гаргахыг зорьсон.

Киноны дүр сонголтын тухайд та хүссэн дүрээ олж чадсан уу. Гол дүр болох жүжигчин Б.Тамир таны төсөөлөл, илэрхийлэл мөн үү?

-Найруулагчийн хувьд миний мөнхийн сэтгэл дотроо хадгалж ирсэн дүр учраас жүжигчин Б.Тамирт “Эрдэнэ” хэмээх нэр хайрласан. Нэгдүгээрт, уг хүн нь зөв хүн байх ёстой гэж бодсон. Хоёрдугаарт, жүжигчний ур чадвартай байх ёстой гэж үзсэн. Гуравдугаарт, үнэн зөв явж байгаа хүнийг сонгохыг хичээсэн. Эдгээр олон сонголтуудаас өнөө үеийн залуу жүжигчдээс би Б.Тамирыг сонгосон. Б.Тамираад би үнэхээр баярлаж байна. Б.Тамирын харцыг киноноосоо харах бүрт өөрийнхөө амьдралыг нэхэн санаж, маш гоё аз жаргалтай болдог.

-"Хувьсал"-аас өрх тусгаарласан хоёр Ганаа цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байх?

-Маш сайхан төлөвлөгөө бий. Цаашдын уран бүтээлээ маш сайхан төлөвлөөд явж байна. Бид ямар ч байсан урьд өмнө хийж байсан бүтээлээр чансаа бууруулахгүйгээр жүжигчдийн ур чадварыг гүйцэт харуулсан, нийгэмд дохио болсон уран бүтээл хийхийг зорих болно.

-Та найруулагч бас өөрөө кинондоо хүүтэйгээ хамт туслах дүр бүтээсэн байсан. Хүү тань кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-“Аримун” продакшны хамгийн анхны уран бүтээлд А.Ганчимэг, Д.Ганцэцэг гэдэг хоёр уран бүтээлчийн “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаад анхны уран бүтээлээ хийж байгаа учраас энэхүү кинонд хоёр Ганаагийн дүрс байх ёстой гэдэг үүднээс би эсрэг дүрд тоглосон. Миний бага хүү Б.Хангал “Халуун зүрх” кинонд хорт хавдраар өвчилсөн  ч түүнийг даван гарч буй хүүхдийн дүрийг бүтээсэн. Хүү минь кино зохиолыг анх уншаад “Ямар инээдтэй кино вэ. Яаж өөрөөсөө эгч хүнийг хайр аа, хөөрхөн өө гэж дуудах юм бэ” гээд инээж байсан. Тэгээд “Ээж ээ, би киноны есөн сценид тоглоно гэхэд нэг хэсэгт нь 100 мянган төгрөгөөр тоглоно гэвэл та надад цалин өгөх үү” гэж асуусан юм. Хүү минь энэ дүрийг өөрийнхөөрөө гаргах гэж их хичээсэн. Энэ дашрамд бидний үр хойч болсон хүүхэд багачууд хорт хавдар гэх аюулт өвчнөөр бүү шаналаасай. Тэдний минь хүүхэд нас үргэлж гэрэлтэй, инээд хөөрөөр цалгиж байгаасай гэж хүсье.

Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж