“Тод Каннам” эмнэлэгт арьс гоо заслын мэргэжлийн эмч байгаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

“Тод Каннам” эмнэлэгт арьс гоо заслын мэргэжлийн эмч байгаагүй гэв

29 настай эмэгтэй гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

“Тод Каннам” эмнэлэгт арьс гоо заслын мэргэжлийн эмч байгаагүй гэв

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас барсан талаар бид мэдээлсэн.

Хэргийг сануулахад, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач О нь Эрдэнэт хотод оршин суудаг бөгөөд Улаанбаатар хотод өөхөө соруулахаар ирээд удаагүй хагалгаанд оржээ. Тэрбээр хагалгаанд орохдоо хэсэгчлэн мэдээгүйжүүлэлттэй орсон боловч түүнд бага зэрэг өвдөлт мэдрэгдэж эхлэхэд нь эмч нарын зүгээс унтуулах арга хэмжээ авчээ. Харамсалтай нь хагалгаа дуусах шатанд талийгаачийн зүрх зогсч, яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хүргэсэн юм байна.

Бүсгүй 60 килограмм жинтэй бөгөөд биеийнхээ хэвлийн хэсгийг галбиржуулах зорилгоор хагалгаанд орсон нь энэ юм. Дээрх асуудлаар бид тус эмнэлэгт очсон боловч хариуцсан хүн нь байхгүй гэдэг тайлбарыг хэлсээр дотогш нэвтрүүлээгүй юм. Тус эмнэлэг нь Монгол Улсад 2013 оноос эхлэн эмчилгээний гоо сайхны нөхөн сэргээх үйлчилгээ явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны эмнэлгүүдэд төлөвлөгөөт шалгалтыг өнгөрөгч сард явуулахад “Тод Каннам” эмнэлгээс ноцтой гурван зөрчил илэрч, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.


Б.Байгалмаатай байцаагч зурган илэрцүүд

Уг асуудлаар НМХГ-ын Эрүүл Мэнд, Боловсрол Соёлын Хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгалмаатай ярилцлаа.

-Тус эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл бий?

-Тийм ээ. Энэ эмнэлэг эмчилгээний гоо сайхны нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, чиг үүрэгтэй байгууллага. Манай байгууллагад тус эмнэлгийн талаар гомдол ирсэн. Энэ гомдлын дагуу бид хянан шалгалт хийж байгаа. Хамгийн гол нь өөх соруулах мэс ажилбарыг тус эмнэлэгт хийх ёсгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлд заагдаагүй үйл ажиллагаа явуулсан зөрчил нэгдүгээрт илэрч байна.

-Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн, энэ эмнэлэгт ямар зөрчил илэрсэн бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага 2019 онд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс гоо заслын эмнэлгүүдэд хийсэн. Шалгалтын дүн нэгтгэгдээд дээд шатны байгууллагад явуулж байгаа. Тус эмнэлэгт ямар зөрчил нь илэрсэн бэ гэхээр нэгдүгээрт, тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хоёрдугаарт, хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй. Уг нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд үйл ажиллагаа явуулах байтал Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Гуравдугаарт, тус эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн арьс эмчилгээний гоо сайхны эмчгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан учраас бид нар энэ зөрчлийг үндэслээд НЭМГ-ын тусгай зөвшөөрлийн комисст тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн.

-Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Ер нь бол тус эмнэлгийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Зөрчлийн тухай хуулийн 6.7.1-т зааснаар тухайн аж ахуй нэгжид захиргааны арга хэмжээ авдаг. Хэрэв хувь хүн зөвшөөрөлгүй эмчилгээ явуулсан бол эмчлэх, сувилах эрхийг түдгэлзүүлэх, харин аж ахуй нэгжийг үйлчилгээг цуцлах санал хүргэж ажиллана. Бидний зүгээс үйл ажиллагааг зогсоох түдгэлзүүлэх санал холбогдох байгууллагад явуулсан. Дээрээс нь захиргааны арга хэмжээ авах буюу гурван сая төгрөгөөр торгох юм.

-Тухайн эмнэлэгт хичнээн эмч, ажилтантай вэ. Мэргэжлийн эмч байгаагүй гэсэн үг үү?

-Тус эмнэлэг нь гурван мэс заслын эмч, гурван мэс заслын сувилагчтай. Шалгалтын явцад тус эмнэлэгт арьс гоо заслын эмчтэй байгаагүй. Угтаа бол арьс гоо заслын эмчтэй байж нөхөн сэргээх эмчилгээг хийнэ. Нөхөн сэргээх гэдэг нь ямар нэгэн бэртэл авбал түүнийг эдгээсний дараах сэргээх үйл ажиллагааг хэлдэг. Тэгэхээр өөх соруулах хагалгааг арьс эмчилгээний гоо сайхны эмнэлгийн эмч хийх үйлдэл байхгүй юу.

-Тус эмнэлэгт Монгол, БНСУ эмч нар хамтран эмчилгээ, тусламж үзүүлдэг гэх мэдээлэл бий?

-Дээрх эмнэлгийн хувьд Монгол эмч нар үйл ажиллагаа явуулж байсан. Нэгдүгээрт, 29 настай эмэгтэйд мэдээгүйжүүлгийн эмч хэсгийн мэдээ алдуулалт хийсэн юм уу, ерөнхий мэдээ алдуулалт хийсэн юм уу, хэн гэдэг эмч хагалгаа хийснийг бид шалгаж байна. Хамгийн гол нь тусламж үйлчилгээний чиглэлд заагдаагүй үйлчилгээг хийсэн.

-Иргэдэд юуг сэрэмжлүүлэх вэ?

-Гоо сайхандаа анхаарч буй охид бүсгүйчүүдэд анхааруулж хэлэхэд эдгээр эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг, багаж тоног төхөөрөмжийг баталгаатай зэргийг асуух эрхтэй. Манай хяналт шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 57 эмнэлэг хамрагдсан. Үүнээс 15 байгууллагад нийтлэг зөрчлүүд гарч буй учраас тэдгээрт хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тэдгээрийн дотор “Тод Каннам” эмнэлэг багтсан. Зөрчлийн тухай хуулиар тодорхой газруудад захиргааны арга хэмжээ тавьж нөхөн төлбөр тогтоосон арга хэмжээг авч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж