Холбоодын будилаан тамирчин, үзэгч хоёроо талцуулсаар

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Холбоодын будилаан тамирчин, үзэгч хоёроо талцуулсаар

Холбоодын будилаан тамирчин, үзэгч хоёроо талцуулсаар

Монголын спортын холбоодын дотоодын асуудал үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Үндэсний Олимпийн хороондоо бүртгэлтэй ч хоорондоо асуудлаа цэгцлээгүй тэдний маргаан дуусдаггүй. Эдгээрээс хамгийн их маргаантай байгаа нь Сагсан бөмбөгийн холбоо юм. Уг холбоо хоёр хуваагдаад олон жилийг үдлээ. Улстөрчид спортын холбоодыг удирдах, тэнд эзэн суух санаархал нь мэргэжлийн тамирчдыг хоёр хувааж, хохирогч болох эрсдэл спортын бүх холбоодод байна. Тэртээ хол санагдаж байсан олимпийн аваргаа өлгийдөж авахдаа монголчууд, Монголын спортын салбарын шан татсан өдрүүдэд олон мянган хүүхэд, залуучууд спортын салбарт хөл тавьж, ирээдүйн олимп, дэлхийн аварга болохоор өнөөдөр хөдөлмөрлөж байна. Гэвч тэдний олон жилийн хөлс хөдөлмөр хагаралдсан, бутарсан удирдлагын золиос болоод үлдэх эрсдэл өндөр байна. Дээрээ суудлаа олоогүйгээс зарим тамирчид тэмцээн, уралдаандаа оролцож чадахгүй байгаа нь ч эхнээсээ асуудал үүсч эхлэв.

Спорт бол олон жилийн хүч, хөдөлмөр, хөлс шингэсэн салбар. Тиймээс хэн нэгэн улстөрчдөөс илүү мэргэжлийн багш, дасгалжуулагч, мэргэжлийн тамирчин нь холбоогоо удирдах нь хамгийн эрүүл гарц. Гэвч өөрсдийнхөө хувь сонирхолд хөтлөгдсөн улстөрчдийн тэмцэл жирийн тамирчны хөлс, хөдөлмөрийг үгүйсгэж буй харамсах хүн олон бий.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч D.Тамир өөрийгөө албан ёсны ерөнхийлөгч гэдэг энэ маргаан бүрэн шийдэгдээгүй өдийг хүрлээ. 2017 онд хуралдсан хурлаар холбооны ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Дамбыг сонгосон нь хууль ёсных гэж үзсээр байгаа. Саяхан болсон Олимпийн хорооны гишүүдийн хурлаар Ц.Цэвэрбал, Б.Дамба нарыг гишүүнээр баталсан. Тиймээс уг холбоо хоёр хуваагдаж, хоёр талдаа лигийн тэмцээнээ зохион байгуулсаар байна. Үзэгч ихтэй лигийн тоглолтууд хоёр талд болж, нэг хэсэг нь суудал багатай Үйлдвэрчний соёлын төв ордонг зорьж байхад нөгөө хэсэг нь Спортын төв ордонд очино. Энэ байдал нь үзэгчдийн хувьд ч төөрөлдөх асуулт болсоор. Юутай ч маргаантай байгаа холбооны асуудал шүүхийн шатанд яваа сурагтай.

Будилаантай дараагийн холбоо бол Монголын бодибилдинг, фитнессийн холбоо юм. Саяхан болсон Олимпийн хорооны гишүүдийн хурлаар маргалдаж, нэг хэсэг нь өөрсдийгөө жинхэнэ холбоо гээд бүртгүүлэхийг завдсан. Гэвч байгуулагдаад олон жил болж, олон улсын тэмцээн уралдаанд албан ёсоор орох болсон холбоодын төлөөлөл нь өөрсдийгөө аваад гарсан. Хоёр холбоонд хоёуланд нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг харьяалагддаг хэмээн мэдэгдэж, багагүй маргаан үүсгэсээр байна. Албан ёсны холбоо нь Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчдаас хоёр тамирчинг хориотой бодис хэрэглэсэн гэдгийг зарлаж, тэмцээнд оролцох эрхийг нь хасаад байгаа. Энэ салбараас сүүлийн жилүүдэд хоёр ч гавьяат цолтон төрж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын бодибилдинг, фитнессийн холбоо маргаантай байсаар байна.

"Рио 2016" олимпийн наадамд чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран хүрэл медалыг гартаа атгаад алдсан. Энэ ялагдалтай эвлэрч чадалгүй хоёр багш дэвжээн дээр тайчиж, дэлхийн дахинд тодорсон. "Рио"-гоос ганзага хоосон ирсэн чөлөөтийнхөн мөн л дотроо маргалдаж, бие биендээ гоморхсон үгээ дайсаар. Энэ явдал үүгээр дууссангүй. 2018 онд Азийн наадамд П.Орхон хориотой бодис хэрэглэж, барилдах эрхээ хасуулсан нь улам л байдлыг дэврээсэн. Олимп, дэлхийн тэмцээнээс медальтай ирж монголчуудаа баярлуулж ирсэн чөлөөтийнхөн эвлэрсэнгүй хэвээр байна.

Олимпийн наадамд Монголын хөнгөн атлетикийн тамирчид цагаан хуудсаар оролцох үе өнгөрч эрхийн нормативийг биелүүлэн багаараа зорих болсон. Энэ амжилт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж салбарын гавьяат Б.Сэр-Од тэргүүтэй залуучууд олимпоос олимпийн хооронд гүйсээр явна. Тэгвэл хөнгөн атлетикийн холбооны ээлжит их хурал 2009 онд болсноос хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дахин хуралдсангүй. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Зоригтбаатарт хаягласан захидал олон хөвөрдөг. Дүрмийн дагуу хурлаа хийж, дараагийн дөрвөн жилийн ажлаа төлөвлөж гаргахыг гишүүд нь хүсч эхэлжээ. Энэ маргаан 2019 он гарсаар идэвхжлээ.

Хамгийн сүүлд гэхэд Монгол бөхийн холбоо хоёр хуваагдаж, бөх сонирхогчид, үзэгчид Монгол бөхийн өргөөндөө ч бөхөө үзэж чадахгүй, ордон хэсч байсан өдрүүд саяхан. Тэд өнгөн дээрээ холбоодын төлөө, тамирчдын төлөө гэх боловч зөвхөн нэг, хоёр хүний хувийн ашиг сонирхлоос үүдэн олон хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, үгүй хийсээр байна.

Энэ мэтчилэн дотроо маргаантай байгаа холбоодууд учраа үл ойлголцож, багагүй будилааныг нийгэмд тарьсаар байна. Үүний хамгийн гол хохирогч нь тамирчид болон үзэгчид.

Өнөөдөр хоёр хуваагдаагүй, талцаж, тэмцээгүй спортын холбоо Монголд нэг ч алга. Бүгд дор бүрнээ хоёр удирдлагатай, хоёр тал болсон. Үүнээс болж үзэгчдээ хуваах, олон мянган тамирчдын итгэл найдварыг бөхөөж байгаа нь үнэн. Спорт бол улс төрөөс ангид, хүч, хөдөлмөр шингэсэн олон хүмүүсийн итгэл найдвар. Тиймээс энэ холбоодоо эмх цэгцэнд нь оруулж, хэрүүл талцлаа хэзээ зогсоох вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж