Гучин хэдхэн настай мөртлөө найман хүүхдийн аав, ээж болсон өнөр бүлийнд зочилж энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Биднийг гэрийн үүдээр ороход бяцхан хүүхдүүдийн цангинасан хоолой, дэггүйтэн гүйх балчир үрсийн хөлийн чимээ угтсан юм. Ажлын өдрүүдэд аав, ээж нь ажилтай, хүүхдүүд ч хичээл сургуультай учраас гэр бүлийн гишүүд бүгд завгүй шахуу өнгөрөөдөг. Биднийг очиход халуун ам бүлээрээ цуглажээ. Эднийх олон хүүхэдтэй айл гэхээргүй цэвэр цэмцгэр, тохитой, тухтай амьдрах аж. Энгийн хэрнээ эгэлгүй энэ гэрийн өрхийн тэргүүнийг Д.Батдаваа гэдэг. Тэрбээр амьдралын хань Ө.Өрнөхбилэгтэй одоогоос 20 жилийн өмнө учирсан бөгөөд өдгөө дөрвөн охин, дөрвөн хүүгийн эцэг болжээ. Анхны хүүхдээ 24 настайдаа, харин эхнэр нь 22 настайдаа өлгийдөн авчээ.
Тэд гэртээ Б.Анударь, Б.Анирлан, Б.Маргад-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ, Б.Ангараг-Эрдэнэ, Б.Сугар-Эрдэнэ, Б.Тунгалаг-Эрдэнэ, Б.Буд-Эрдэнэ гэх найман бурхантай. Хамгийн отгон гишүүн болох ес дэх үр эхийнхээ хэвлийд бойжиж буй. Том охин нь 15 настай бол бага хүү нь нэг настай. Хүүхдүүдийн тав нь сургуульд, хоёр нь цэцэрлэгт, хамгийн бага нь гэртээ байдаг аж. Хүүхдүүд бие биеэсээ ердөө хоёрхон насны зөрүүтэй гэнэ.
ТЭД СУРГУУЛИА ТӨГСӨӨД ХОЁР ТАЛААС ДИПЛОМ, ЧЕМОДАНААС ӨӨР ХОГШИЛГҮЙ НИЙЛЭН АЙЛЫН ХАШААНД ГАЛ ГОЛОМТОО БАДРААЖ БАЙЖЭЭ
Д.Батдаваа эхнэртэйгээ анх танилцсан өдрөө тодоос тод санах аж. Тэрбээр “1999 оны наймдугаар сарын 27-ны өдөр эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Хамаатан мөртлөө үе ойролцоо хүмүүс байдаг даа. Манай хамаатан биднийг учруулсан. Анх танилцаад удалгүй Хайлаастад байдаг эмээгийндээ очтол, хэдэн гудамжны цаана манай хүн хамаатныдаа очиж таарсан. Тэр үеэс эхлээд л бид хоёр бие биеэ өөрөөр харж эхэлсэн. Тухайн үед дөнгөж оюутан болоод байсан үе. Одоо бодоод байхад ёстой л заяаны хань зам дээр таардаг гэдэг үг үнэн санагдаад байдаг шүү” хэмээн инээлдэв.
Д.Батдаваа хүнсний технологийн дээд сургуулийг нийтийн хоолны технологич, инженерээр их сургуулиа дүүргэсэн бол эхнэр Ө.Өрнөхбилэг Засагт хаан дээд сургуулийг санхүү нягтлан мэргэжлээр төгсчээ.
Тэд сургуулиа төгсөөд хоёр талаас диплом, чемоданаас өөр хогшилгүй нийлэн айлын хашаанд гал голомтоо бадраасан байна. Мэдээж айл гэрийг толгойлох хүндхэн хариуцлага Д.Батдаваад оногдсон учраас хэд, хэдэн ажлыг давхар хийх болжээ. Өөрт нь итгээд амьдралаа холбосон хань, өөрсдийнх нь хайраас мэндэлсэн үрээ харахаар зүгээр суухгүй хөдөлмөрлөж л байвал яваандаа амьдрал жигдэрнэ гэдэгт итгэсэн гэдэг.
Д.БАТДАВАА УРАНХАЙ МААЖИГ ГУТАЛТАЙ ЯВАХААС БУС ГЭР БҮЛИЙНХНИЙГЭЭ ХООСОН ХОНУУЛАХААС Л ИЧДЭГ БАЙСАН ГЭДЭГ
Тэрбээр арван жилийн өмнө “Фаберлик Монголиа” компанид ажилд орсон бөгөөд өглөө цүнхээ үүрээд гэрээсээ гарахдаа “Би өдөрт заавал 200 мянган төгрөгийн бүтээгдэхүүн зарна. Зарж чадахгүй бол гэртээ орохгүй ” гэсэн зорилт тавьдаг байж. Ингэхдээ хүмүүсийн хөдөлгөөн ихтэй гудамж, эмэгтэй хүмүүс ихээр цугладаг газруудаар бүтээгдэхүүнээ танилцуулаад гүйнэ. Хэрэв азтай байвал хэдхэн цагийн дотор өөртөө тавьсан зорилтдоо хүрдэг бол заримдаа хичнээн хичээгээд ч ашиггүй ажиллах өдөр бий.
Д.Батдаваа уранхай маажиг гуталтай явахаасаа ичихгүй. Шөнийн цэнгээний газраар явж охид эмэгтэйчүүдэд гоо сайхны бараа сурталчлан зарахаас ч ичихгүй мөртлөө гэр бүлийнхнийгээ хоосон хонуулахаас л ичдэг байсан гэдэг. Хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг гэлтэй юмгүй хоосноос эхэлсэн тэдний амьдрал өдгөө хөлөө олжээ. Тэд одоо компанид аа үндэсний захирал цолтой ажиллаж байна. Хос хоёр тус компанид арван жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд бага багаар хуримтлал үүсгэснээр амьдрал нь мэдэгдэхүйц сайжирсан гэдгийг хэлж байсан юм. Анх айлын хашаанд гал голомтоо бадрааж байсан бол яваандаа хашаа байшинд орж гурван жилийн өмнөөс орон сууцанд оржээ.
Түүний эхнэр Ө.Өрнөхбилэг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүй-2019” хүндэтгэлийн арга хэмжээнээс “Шилдэг эмэгтэй” шагнал хүртсэн алдарт эх юм. Түүнтэй хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд баримталдаг зарчмын талаар ярилцсанаа хүргэж байна.
МАНАЙ ГЭР БҮЛИЙГ ГАДУУР ЯВАХАД ХҮН БҮР БАХАРХСАН ХАРЦААР ХАРЖ, ХАЙР ХҮНДЛЭЛ ДҮҮРЭН БАЙДАГ
–Ээж хэмээх эрхэм алдрыг зүүх мөч эмэгтэй хүнд мартагдашгүй сайхан байдаг гэдэг. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Эмэгтэй хүн ээж болох гээд өвдөж байхдаа ч, төрөх эмнэлгийн орон дээр гарсны дараа ч өөрийнхөө л ээжийг боддог юм билээ. Муу ээж минь яаж биднийг төрүүлж, өсгөсөн юм бол доо л гэж бодсон.
–Одоо дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр бүл. Удахгүй бас шинэ хүн хүлээж авах гэж байна. Анх ээж болох үед хүн бүр анхаарал халамж тавьдаг.Харин ойр ойрхон бүл нэмэхээр хүмүүс ямар хандлага гаргаж байна?
-Янз янзын л хандлага гаргана даа. Зарим нь “Олон хүүхэд гаргаад сайхан юм аа” гэж байхад, зарим нь “Нохой шиг. Яасан олон хүүхэд гаргадаг юм бэ” ч гэж хэлдэг. Гэхдээ олон хүүхэдтэй байх сайхан. Бурхнаас ирж байгаа бэлэг гэж боддог учраас хүүхдүүдээсээ татгалзахыг хүсдэггүй. Би өөрийнхөө бодолд бат зогсдог болохоор хүмүүсийн хэлж байгаад санаа зовдоггүй.
–Орчин үед ганц хоёр хүүхэд өсгөхөд ч зарим ээжид хүндрэлтэй байдаг. Таны хувьд энэ олон хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх хэцүү байдаг уу. Заримдаа шантрах үе байх уу?
-Ер нь цөөхөн хүүхэдтэй байх олон хүүхэдтэй байхын хооронд нэг их ялгаа байхгүй гэж боддог. Ялгаагүй л өглөө, орой хоол хийнэ. Хувцас угаана. Нэг тогооноос л хоол иднэ. Магадгүй тогооны хэмжээ нь л өөрчлөгдөх байх. Энэ бол хувь хүний оюун бодолтой л шууд хамаатай. Анхнаас нь хэцүү гээд бодчихвол олон хүүхэдтэй байх хэцүү л болно. Тийм болохоор бүл нэмэх бүртээ аз жаргалтай байдаг. Ерөөсөө хүүхдүүдээсээ төвөгшөөдөггүй. Анхнаасаа л байх ёстой л зүйл гээд хүлээгээд авчихсан. Магадгүй бурхнаас дахин бэлэг заяавал хүлээж авахад бэлэн.
-Эх хүн бүр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг. Тэр дундаа олон хүүхэдтэй ээж та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна?
-Хүүхдүүдээ бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, настай хүмүүсийг хүндэлж байгаарай, хогоо хогийн саванд хийх гэх мэт жижиг зүйлээс зөв хандлагатай болгохыг хичээж байна.
Гэхдээ хамгийн гол нь үр хүүхдийн толь нь эцэг эх байдаг болохоор өөрсдөө зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг. Аав, ээж бид л зөв байхад аяндаа хүүхдүүд минь сайн явна. Хааяа маргалдах, муудах үе гарахад хүүхдүүдийнхээ дэргэд ам муруйхгүй байхаас эхлээд хичээж л байна даа.
Бид хоёр өөрсдөө гадаад хэлний мэдлэг багатай болохоор хүүхдүүдээ гадаад хэлний мэдлэгтэй хүн болгохын төлөө илүү анхаарч байна. Ер нь олуулаа өссөн хүүхдүүд хүнийг хайрлах ухаанд илүү суралцдаг. Тийм болохоор үргэлж хүүхдүүдээ эх орон, ээж аавдаа тустай сайн сайхан хүн болно гэдэгт итгэл дүүрэн байдаг. Манай гэр бүлийг гадуур явахад хүн бүр бахархсан харцаар харж, хайр хүндлэл дүүрэн байдаг. Тэр хэрээр би хүүхдүүдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх үүрэг, хариуцлага тээж байгаа гэдгээ ойлгодог.
Гэрийн эзэн Д.Батдаваатай цөөн хором хөөрөлдлөө
ХОСУУДЫН БИЕ БИЕДЭЭ ИТГЭХ ИТГЭЛ, БИЕНЭЭ СОНСОХ ЧАДВАР МАШ ЧУХАЛ
–Та эхнэртэйгээ анх үерхэж байхдаа л арван хүүхэдтэй болохыг хүсдэг байсан гэсэн. Өөрөө айлаас 11-үүлээ гэсэн. Багаасаа олон дунд өссөн учраас олон хүүхэдтэй болохыг хүссэн юм болов уу?
-Алганы доод хэсгийг шахаж хэдэн хүүхэдтэй болохоо үздэг байсан даа. Тухайн үед минийх дээр арван бөндгөр гарч ирж байсан юм. Тэгээд л шууд тархинд автоматаар арван хүүхэдтэй болох юм байна гэх бодол суусан байх. /инээв/ Олон хүүхэдтэй айлд өссөн учраас яг л тийм байхыг хүсдэг. Өсөхдөө олуулаа өссөн учраас дуу чимээг тоохоо больсон. Орой ажлаас ирэхэд ааваа, ээжээ гээд кинон дээр гардаг шиг хүүхдүүд маань гүйлдээд л ирдэг. /инээв/ Тэр мөч үнэхээр сайхан.
-Залуу хосуудын хувьд харилцаандаа ямар зарчмыг баримталдаг вэ. Шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч явах, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?
-Бие, биедээ итгэх итгэл, биенээ сонсох чадвар маш чухал. Нэг нь юм хэлж байхад өөдөөс нь зөрүүлээд асаад байж болохгүй. Хэн хэндээ буулт хийж сурах хэрэгтэй гэж бид боддог. Харилцаанд маань бага зэрэг асуудал гарсан ч хүүхдүүдийнхээ дэргэд хэзээ ч том дуугарч муудалцаж байгаагүй.
Жаахан буруу ойлголцол гарч, хоорондын харилцаа сэвтэх зүйл гарвал цаг тохирч байгаад гадуур гарч болзоно. Тэгээд сэтгэлд байгаа бүхнээ хуваалцаж, ярилцдаг. Ярилцаж, ойлголцож, биенээ сонсох нь гэр бүлийн харилцаанд чухал нөлөөтэй байдаг.
Миний эхнэр үнэхээр мундаг эмэгтэй. Би эхнэрээрээ маш их бахархаж, ханьдаа баярлаж явдаг. Миний үр удмыг залгуулж, энэ олон хүүхэд төрүүлсэнд нь маш их баярладаг. Өөр надад хүсэх зүйл юу байх билээ дээ.
Найман хүүхдийн амьдралыг нуруундаа үүрч, тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстойг хариуцлагатайгаар ухамсарласан залуу гэр бүлээр бахархах сэтгэл төрж байлаа. Д.Батдаваагийнх Монголдоо хүн нэмж, Монголынхоо ирээдүй хойчийг бэлтгэж байгаа олон мянган залуучуудын төлөөлөл юм.
Холбоотой мэдээ