Хаврын чуулганы халуун сэдвүүд

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганы халуун сэдвүүд

Хаврын чуулганы халуун сэдвүүд

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийнэ. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ парламентын хувьд  гурав дахь хаврын чуулган. Энэ парламентын тухайд намрын чуулганы завсарлагааны хугацаа түүхийн хуудсанд хараар тэмдэглэгдэн үйл явдал тохиолоо. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд улс төр намжаагүй улам ч буцалж байлаа. Гэхдээ энэ нь аль нэг гуравдагч хүчин эсвэл иргэний хөдөлгөөний зүгээс бус Ерөнхийлөгч, эрх баригчдын дотоодын асуудлын хүрээнд явагдсанаараа  онцлогтой. Чуулга завсарласан хугацаанд ээлжит бус чуулган хуралдаж хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцсэнээс гадна Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлсэн гэж тодотговол зохистой.

Учир нь ээлжит бус чуулганаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д оруулж ирсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн. Ингэснээр прокурор, АТГ-ын удирдлага мөн шүүгчдийг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд бий болсон.  Уг хуулийн төслөөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг булааж авч байгаа хэлбэр гэдгийг зарим хуульчид болон сөрөг хүчин хүчтэй шүүмжилж өнөө хэр маргаан дагуулсаар байна.  Уг хууль УИХ-аар батлагдангуут Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулсан.

Өнөөдөр ээлжит чуулган нээлтээ хиймэгц Монгол Улсын Ерөнхий Прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханы нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга  дэвшүүлээд байгаа юм.  Тус томилгоог яаравчлуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас урьтаж буй. Учир нь нэр бүхий хуульчид Цэцэд гомдол гаргасантай холбоотой. Ийн саарал ордонд улс төр буцлахтай зэрэгцэн ордны гадна өнөөдөр Ардчилсан нам  "Эсэргүүцлийн жагсаал" зохион байгуулна.

Жил жилийн хаврын чуулган улс төр дэх халууны температурыг эрс нэмэгдүүлдэг хойно Монголын улс төрийн амьдрал ч буцалж эхлэх нь бололтой. Мөн чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр ямар "тэрсэлсэн" үг хэлэх вэ гэдэг нь  олон нийтийн анхаарлыг татах биз.

ҮНДСЭН ХУУЛЬ, НАМ, СОНГУУЛЬ

Уг чуулганаар шийдэх  ёстой олон чухал асуудал бий. Ялангуяа чуулганаар хэлэлцэнэ хэмээн найдлага тавьж буй гурван чухал хууль бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байх юм. Сонгууль болохоос өмнө буюу энэ ондоо багтаан сонгуулийн нэгдсэн хууль батлах ёстой. Мөн Улстөрийн намуудын тухай хуулийн төслийг ч энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн.  Хаврын чуулганы гол сэдэв бол Үндсэн хуулийн шинэчлэлт.  Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зүгээс тогтолцооны гажуудлаа засах хэрэгтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа.  Түүнчлэн 60 гаруй гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, гарын үсгээ зурсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, эндээс гарсан саналуудыг нэгтгээд үндсэндээ дууссан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж буй гол заалтууд нь  УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтыг тусгасан. Мөн Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Мөн шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор ажлын хэсэг дээр ярьж буй юм билээ.

Ямартай ч эрх баригч нам уг хуулийн төсөл дээр удаан ажиллаж байгаа ч хаврын чуулганаар гараас гаргах уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Учир нь зарим гишүүд болон сөрөг хүчний  эсэргүүцэлтэй тулгарах нь нэгэнт ил болсон. Хэрэв УИХ хэлэлцээд баталчих юм бол түүхэн амжилт болно.

Эдгээрээс гадна чуулган дамнан хүлээгдэж нийгмийн анхаарлын төвд буй  Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийг тойрсон маргааныг УИХ-аар эцэслэх учиртай.

Эрх баригч намын хувьд 2016 оны сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх гээд хариуцлагатай циклийн үе нь ирсэн тул  ард түмэн тэднийг нүд цавчилгүй ажиглаж байгааг сануулъя.

Ийнхүү хаврын чуулганы нээлт хаврын улс төрийг эхлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж