Дөрвөн улирлын өнгөний гайхамшиг, эхийн сэтгэл, ханийн түшиг, их хотын хэмнэл гээд нийгмийг олон өнцгөөс тусган, уран зургаар буулгаж, бодол эргэцүүллийн гүнд аваачсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн өчигдөр /2019.04.04/ Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд үүдээ нээлээ.
Ийн Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан бийр” үзэсгэлэн 13 дахь жилдээ олны хүртээл болж буй нь энэ. Уг үзэсгэлэнд 35 хүртэлх насны залуу уран бүтээлчид дүрслэх урлагийн бүх төрлөөр оролцож болдгоороо онцлог. Тиймээс ч энэ жил оролцож буй уран бүтээлчид цаас, даавуу, эсгий, төмөр гээд олон төрлийн материал ашиглан бүтээл урласан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байв.
Уран бүтээлчдийн зургуудыг дангаар нь авч үзвэл өөрийн гэсэн бие даасан ертөнц, өгүүлэмжийг өгүүлнэ. Тэр дунд цуврал бүтээл ч цөөнгүй харагдана. Гэхдээ нийтлэг уламжлалт ёс заншил, өв соёл, түүхэн сэдэв ч энд орхигдоогүй байлаа. Залуу уран бүтээлч Б.Азжаргалын “Багш мэднэ” бүтээлд нийгмийн мунхрал, мухар сүсэг, бусдад амьдралаа даатгадаг байдлыг хурцаар шүүмжилсэн нь олны анхаарлыг татна. Энэ мэт уран зургийн гайхамшгийг илүү ойроос мэдэрч, зураас бүрийн нарийн ажиллагаа, өнгөний зохицлыг харахыг хүсвэл та энэ үзэсгэлэнд саатаарай.
"Алтан бийр-2019" үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Алтан бийрийн эзнээр залуу уран бүтээлч Ж.Шижирбаатарын "Дуудлага" бүтээл шалгарч, Арт галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрх, тус урланд бүтээл туурвих жилийн эрхээр шагнуулсан юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ