“Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх нэртэй нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага /ТББ/өчигдөр албан ёсоор үүсгэн байгуулагдав. Ингэхдээ Төрийн ордны их танхимд анхдугаар хуралдаанаа хийж, ТББ-ын тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдов. Ерөнхий сайдаар ахлуулсан ТББ нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой бөгөөд 1000 гаруй гишүүнтэй. Харин анхдугаар хуралдаанд нь 950 гишүүн оролцов. Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойгоо нэгтгэх, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэх хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байр суурийг бэхжүүлэн нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах гэнэ. Мөн Монгол улсын төрийн цэргийн байгууллагуудын цэргийн жинхэнэ албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага аж. Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх бөгөөд орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ.
Монгол үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага маш олон бий. Тэдний дундаас Ерөнхий сайд нь толгойлж, хуулийн байгууллагаа удирдаж байгаа нь бараг л анхны тохиолдол. Тэр дундаа Ерөнхийлөгч нь илгээлт илгээж, Төрийн ордноо анхдугаар хуралдаанаа хийж байсан нь ховор биз. ТББ-ын дүрэм, зорилго нь муухан шиг намын дүрмээс ч "чанга", ТББ нэртэй ч намын гишүүд шиг ажиллахаар хүчний байгууллагууд нэгдлээ. Энэ холбоонд нам харгалзахгүй, бүгд улс эх орныхоо төлөө зүтгэх, ажиллах хүмүүс нэгдсэн гэдгийг ТББ-ын тэргүүн онцолж байсан юм.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх "энэ холбоо бол улс төрөөс ангид байх ёстой гэдгийг хатуу хэлье. Аль нэг нам харгалзахгүйгээр эх орныхоо төлөө зүтгэе, ард түмнийхээ төлөө ажиллая гэсэн хүмүүс байгаа. Биднийг нэгтгэж байгаа ганц зүйл нь эх орон. Цэргүүд ганц л зүйлд үйлчилдэг. Монгол Улс, эх орон, ард түмний язгуур эрх ашиг. Үүнд үйлчилдэг илд нь та бид. Манай холбоо янз бүрийн улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй" хэмээн мэдэгдсэн. Улс төрөөс ангид байна гэдгээ зарласан ч эрх баригч намын дарга, Ерөнхий сайд энэ холбоог тэргүүлэхээр болж байгаа нь хэнд ч улс төрийн тоглолт гэж харагдаж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ