Бодлогын судалгааны орон тооны бус зөвлөл байгуулах асуудлаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Бодлогын судалгааны орон тооны бус зөвлөл байгуулах асуудлаар санал солилцлоо

Бодлогын судалгааны орон тооны бус зөвлөл байгуулах асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.04.04) үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Шинжлэх ухааны академи болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын 2002 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-ний талаар УИХ-ын дарга дурдав. Энэ баримт бичигт үндсэн 5 чиглэлээр УИХ-ын стратеги зорилтуудыг тодорхойлсон байдаг. Үүний дотор парламентын судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бие даасан институт болгох зорилт байдгийг тэрбээр онцлов. Энэхүү стратеги төлөвлөгөөг шинэчлэх ажлын хэсгийг УИХ-ын дэд даргаар ахлуулан байгуулсан талаар УИХ-ын дарга уулзалтад оролцогчдод танилцууллаа.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын бүтэц дэх Судалгаа, шинжилгээний нэгжийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн шинэчлэхээр төлөвлөөд байгаа талаараа танилцуулж, мэдээлэл өгөв. Эдгээр  зорилтуудын хүрээнд УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх,  судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа тайлбарлав. Тэрбээр “Парламентын нэр хүнд бол ардчиллын нэр хүндтэй шууд хамааралтай. Өнөөдрийн байдлаар нэр хүнд нь хамгийн доогуур байгаа. Тиймээс бидний нэн тэргүүний зорилт бол парламентын засаглал, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх болж байна. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газрын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС-ийн төлөөлөл болон Америк, Япон, Англи, Франц зэрэг улс орнуудын парламентын талаар судалгаа хийж, суралцаж, цол зэрэг хамгаалсан залуу хуульчдын төлөөллийг багтаасан Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах асуудлаар Та бүхэнтэй зөвшилцөхөөр уулзаж байна” гэлээ. Тус зөвлөл нь эхний ээлжинд УИХ-ын Судалгаа, шинжилгээний төвийн бүтэц, үйл ажиллагааны талаар саналаа илэрхийлэх, улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд төвлөрөн ажиллах ёстой гэж УИХ-ын дарга үзэж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2008-2012 онд ажилласан Ц.Шаравдорж УИХ-ын даргын энэхүү санаачилгыг дэмжин хүлээж авч буйгаа илэрхийлэв. УИХ-ын нэр хүндийг өргөх,  УИХ-ын Тамгын газрын бүтэц дэх судалгааны нэгжийг өргөжүүлэх, бэхжүүлэх нь тун чухал ач холбогдолтой хэмээн тэрбээр тэмдэглээд, “Судалгаа бол хууль тогтоох үйл ажиллагааны тархи гэж ойлгодог. Энэ хүчээ зөв гольдролд оруулахаар одоогийн УИХ-ын удирдлага анхаарал тавьж байгаа нь чухал” гэв. Түүнчлэн зөвлөл албан ёсоор байгуулагдсаны дараа энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд тодорхой хүргэж, танилцуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1996-2000 онд ажилласан Л.Цог парламентын нэр хүнд буурсан өнөөгийн байдлыг засах, сайжруулах шаардлага бий гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, УИХ-ын даргын санаачилгыг цаг үеэ олсон шийдэл хэмээн талархан хүлээж авч буйгаа хэлэв. Мөн тэрбээр УИХ-ын хуралдааны ирц, саналыг гишүүдийн хурууны хээгээр бүртгэдэг болж буй нь туйлын зөв шийдэл бөгөөд олон зүйлийг гольдролд нь оруулна хэмээн үзэж байна гэв.

Маргааш эхлэх УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хурууны хээний системийг ашиглан ирц бүртгэж, саналыг авч эхэлнэ гэдгийг Г.Занданшатар дарга танилцуулав. Одоогийн байдлаар 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэн, төхөөрөмжүүдийг 263.000 удаа туршин баталгаажуулаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хуралдааны ирц бүрдэхгүй, хууль батлагдахгүй байх зэрэг эрсдэл үүсэх магадлалтайг тэрбээр дурдаад “Судлаачид, мэргэжилтнүүдээр бусад улс орны парламентуудын энэ төрлийн туршлага, жишгийг судалж, шийдлүүдийг харж байна. Үүн дээр Та бүхний зөвлөгөө, туслалцаа шаардлагатай. Та бүхэн энэхүү судалгаа болон шийдлийн хувилбаруудтай танилцаарай” гэв.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Лувсанжав, Д.Батбаатар, эрдэмтэн доктор Г.Чулуунбаатар, О.Мөнхсайхан нар Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулахыг дэмжиж санал бодлоо илэрхийлэв. Тэд судалгаа, үндэслэлд тулгуурлан хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцэх батлах үйл явцад гишүүдийг шаардлагатай мэдээлэл, зөвлөмж тусламжаар хангах, хэрэгжилтийг зөв зохион байгуулах нь тогтвортой, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг албажуулах, бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүдэд болон олон нийтэд танилцуулах, холбогдох дүрэм, журмыг боловсруулан гаргах чиглэлийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд өглөө.

УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж