Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа залуусын “Гэгээн хангай” клуб нь нутаг орноо дэмжсэн нийгэм рүүгээ чиглэсэн олон үйл ажиллагаа тогтмол хийж хэрэгжүүлээд 15 жил болжээ.
Байгуулагдсан цагаасаа эхлэн аймаг болон сумдын сургууль цэцэрлэгт тулгамдаж байгаа тоног төхөөрөмж болон мөнгөн тусламжийн дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж байгаа шилдэг 6 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндэд анхаарч шат дараалалтайгаар эрүүл мэндийн үзлэг оношилгоонд оруулах зэрэг томоохон ажлыг жил болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
“Гэгээн хангай” клубээс тасралтгүй зохион байгуулж байгаа ажлын нэг нь аймгийн насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Өвөрхангай аймагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, залуусыг спортоор хичээллүүлэх цаашлаад Өвөрхангай аймгийн шигшээ багыг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Сагсан бөмбөгийн холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран өнгөрөгч гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулж аймгийн аваргуудаа тодрууллаа.
Нийт 30 гаруй багийн 240 гаруй тамирчид авьяас чадвараа дайчлан өрсөлдсөнөөс эрэгтэй багийн тэргүүн байрыг Онцгой байдлын газрын баг тамирчид, дэд байрыг Ц.Мөнхбат ахлагчтай “Гэгээн Хангай” клубийн баг тамирчид орсон бол гутгаар байрыг “ӨВ ЭКО МЕД” багийн тамирчид эзэлсэн юм.
Эмэгтэй багийн тэргүүн байрыг “Арвайхээр” баг, дэд байранд 4-р сургуулийн баг тамирчид орсон бол гутгаар байрыг “Гэгээн Хангай” клубын баг тус тус эзэллээ.
Шилдэг эмэгтэй тоглогчоор 4-р сургуулийн багийн тамирчин Оролмаа, эрэгтэй шилдэг тоглогчоор“Гэгээн Хангай” клубийн багийн тамирчин Тэлмэн нар шалгарлаа.
Холбоотой мэдээ