Массаж нь өдийгөөс төдийг хүртэл олон зуун жил гараас гар дамжин хэрэглэгдэж, туршигдаж, илүү сайжирсаар өнөөг хүрсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дэлхий дахинд хэв маяг болоод дарах хүч, хөдөлгөөн зэрэг өөрсдийн онцлог бүхий 80 гаруй төрлийн иллэг массаж байдаг ажээ. Хамгийн сонирхолтой нь эртний Энэтхэгээс гаралтай тамхинаас гаргадаг нэгэн төрлийн массаж эмчилгээ байдаг байна. Ядарсан биеийг амрааж, чангарсан булчинг суллах хамгийн үр дүнтэй бөгөөд шалгарсан арга бол яахын аргагүй иллэг, массаж юм.
Хөдөө гадааны амралт зугаалга дуусаж ажил алба жигдрэхэд, хүүхдүүдийн сургууль цэцэрлэг зэрэгцээд их хотын замын хөдөлгөөн нь хөдөлгөөнгүй таг түгжирч, зунжингаа үд хүртэл унтсан нойр нь өглөөний 7 цагийн сэрүүлгээ зүүд нойртойгоо хольж 8 цагтай уралдан гүйж ажил алба руугаа яарах ай хө нэг л хэмнэлээ олохгүй 9 сар ард үлджээ. Бүх юм зэрэгцээд хөл хөдөлгөөн ихсээд амждаг ажил нь амжихаа байхад хайртын тань хамаг стресс хүзүү мөрөндөө хөөрөөд байгаа юм биш биз.
Хайртдаа багахан боловч амралт бэлэглэхэд тань тус болох хялбархан бөгөөд үр дүнтэй иллэг хийх аргыг зургийн хамт тайлбартайгаар орууллаа. Заавал туршаад үзээрэй. Хайртад тань тааламжтай сайхан байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Юун түрүүнд бэлтгэл ажил. Гараа угаагаарай, тосоо бэлдээрэй, харин хайртыгаа хүзүү, мөрөнд нь иллэг хийхэд чөлөөтэй, өөрт нь хамгийн тухтай байдлаар суулгаарай.
Иллэгээ хийж эхлэе. Ер нь бол массаж хийж буй хүний гар биеийн ердийн хэмээс багахан халуун байх нь тухайн хүний цусны эргэлтэнд эергээр нөлөөлж, хуян хууг задалж тараахад тустай учир 2 гарын алгаа хавсран үрж халаагаарай.
Халсан гарын алгандаа иллэгний тосноосоо тохиромжтой хэмжээгээр авч алгандаа жигд тараана. Ингээд иллэг хийх “шидэт хайрын гар” бэлэн боллоо.
Зарим хүний хүзүү мөр нь хатуухан зуурсан гурил шиг байдаг ч гэсэн хөнгөн даралтаар удаан массажлаж эхлэх нь алжаал ядаргааг тайлж амралт бэлэглэх гол түлхүүр гэдгийг санаарай.
- Хүзүүний ясыг дагуулан доош чиглэсэн байдлаар 3-5 удаа даралттай массажлаарай
- Хөшиж зангирсан хэсгийг эрхий хуруугаар даралттай тойрог хэлбэрээр массажлаарай.
- Чангарсан булчингууд хангалттай суларсны дараагаар хүзүүг дагасан булчинг зөөлөн сунгаарай.
Ингээд л тэр өдрийн стресс, хуян хууг нь шидэт хайрын гараараа юу ч үгүй болгож байгаа юм.
Холбоотой мэдээ