“ШИЛДЭГ” СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ А.ЖАВХЛАН ЗӨВЛӨЖ БАЙНА
Яг өдийд гадаадын их сургуулиудад өргөдөл өгсөн залуус хариугаа хүлээн авч догдлол дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Дэлхийд нэгт эрэмбэлэгддэг Харвардын их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэйгээр монгол охин суралцах болсон мэдээг бид хэдхэн хоногийн өмнө сонссон билээ. Тэр охин бол Амгаланбаатарын Жавхлан. Жавхлан Харвард төдийгүй Америкийн Rice-ийн их сургуульд тэнцжээ. Түүний гадаадын их сургуульд элсэхийн тулд хэрхэн бэлдсэн талаарх туршлагаас хуваалцъя.
1. Өмнө нь би орос хэлний сургалттай сургуульд явдаг байсан болохоор англи хэлний дундаж түвшинтэй байсан. Харин 10 дугаар ангиасаа англи хэлээ эрчимтэй гүнзгийрүүлэн судалж, SAT-ын 1570, TOEFL-ийн 110 оноогоо авсан. Хэлээ сайжруулж, эдгээр оноогоо авахын тулд өдөр бүр номын санд 8, 9 цаг суудаг байсан.
2. Харвардад 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцссан У.Билгүүн ахын ном унших хэрэгтэй гэсэн зөвлөгөөг дагаж, Харри Поттероос номоо эхлүүлсэн. Улмаар дэлхийн сонгодог зохиолууд руу орж, Толстой, Жейн Остон, Виктор Хюго, Карл Саган, Чарльз Диккенсийн алдартай зохиолуудыг англиар уншиж дуусгасан. Унших дадал хэлний суурийг тархинд цэгцтэйгээр тавихад тусалдаг шүү.
3. Би үг цээжлэх маш дуртай. Үгээ цээжлэхийн тулд флаш карт хийх арга сонгосон. Одоо миний цүнхэнд бараг 10 мянган үг бичсэн цаас бий. Мөн үг болгоныг амьд мэтээр, өөрийнхөө найз мэтээр сэтгэж, үсэгнүүдийг толгойдоо дүр төрхтэйгээр буулгахын сацуу тухайн үгийнхээ гарал үүслийг ч судалдаг.
4. Сонсголоо сайжруулахын тулд баримтат кино, BBC-гийн мэдээ, англи хэлээр подкастууд сонсдог байсан.
5. Өөрийнхөө хийх дуртай зүйлийг эртнээс олоорой. Түүнийгээ тууштай хийж, хүсэл мөрөөдлөө болгосноор амжилтанд хүрч чадна. Дуртай зүйлээ олохын тулд олон зүйл туршиж үз, өөрийгөө ямагт хөгжүүлээрэй. Миний хувьд хэл сурах үйл явц тэр чигтээ аз жаргал байсан.
6. Гадаадын их сургуульд элсэхэд тодорхойлох захидлууд чухал ач холбогдолтой. Миний тодорхойлох захидалд “Шилдэг” сургуулийн багш нар маань онцгойлон анхаарч, бичиж өгсөн. Тиймээс багш нартайгаа ойр дотно харилцаатай байж, өөрийнхөө зорилгоо сайтар ойлгуулаарай.
7. Хичээлээс гадуур би хүний наймааны эсрэг ЭКПАТ Монгол ТББ-д сайн дурын ажил хийж, энэ байгууллагынхаа харъяа Өсвөр үеийнхний хөгжлийн төвд англи хэлний хичээл заадаг байсан. Мөн Томүжин академид SAT программыг, хувиараа “Нэг алхам” нэртэй төсөл санаачилж, 84-р сургуулийн 12 дугаар ангийн хоёр, гурван хүүхдэд хэл яаж сурах, TOEFL, SAT-д хэрхэн бэлдэх талаар хоёр сар хичээл заасан.
8. Харвардад тэнцэхэд эсээ маань гол үүрэг гүйцэтгэсэн болов уу. Эсээнийхээ санааг олохын тулд бүтэн зун, намрыг бараг зарцуулсан. Ингээд эцэст нь эмээгийнхээ амьдарч байсан хашаанд өнгөрүүлсэн дурсамж, аав ээжийнхээ боловсролыг чухалчихдаг үзэл бодол, бие дааж хэлээ сайжруулсан тухайгаа бичсэн. Миний хэл сурсан түүх Харвардынхны анхаарлыг татсан байх.
Эх сурвалж: Шилдэг бүрэн сургууль
Холбоотой мэдээ