“Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” загварын нисэх онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр осолдож 157 хүний амийг авч одсон билээ. Түүнээс ердөө таван сарын өмнө мөн л дээрх загварын онгоц Индонези улсад ижил байдлаар осолдож 189 хүн амиа алдсан. Эдгээр ослоос үүдэн “The Boeing” компанийн үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн их гүйлгээтэй онгоцны аюулгүй байдалд найдах найдвар буурч, улмаар уг онгоцыг дэлхийн бүх авиа компаниуд үйлчилгээнээсээ хасаад байгаа.
Тэгвэл Этиоп улсын Зам тээврийн сайд Дагмавит Могес хэвлэлийн хурал зарлан онгоцны ослын шалтгааныг шалгасан мэргэжилтнүүд болон мөрдөн шалгах ажиллагааны албан ёсны дүгнэлтийг өнөөдөр /2019.04.04/ анх удаа танилцууллаа. Хар хайрцагны мэдээлэл болон бусад мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтээр Этиопын онгоцны нислэгийн багийнхан үйлдвэрлэгч “The Boeing” компаниас гаргасан бүх аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, шаардлагатай үед авах бүх арга хэмжээг авсан ч онгоцыг удирдах боломжгүй байсан гэж гарчээ.
Харин энэхүү албан ёсны дүгнэлтийг танилцуулахаас өмнө MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) буюу нисэх онгоц агаарын урсгалын онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхжиж жолоодлогод нөлөөлдөг системийн онгоцны гадна байрлах мэдрэгчийг шувуу ч юм уу гадны ямар нэгэн биет мөргөж гэмтээснээс болж онгоц осолдсон байж болзошгүй гэсэн албан бус таамаглал байсан юм. Дээрх мэдэгдлээр энэхүү таамаглалыг ч мөн үгүйсгэж, MCAS системийн мэдрэгчид ямар ч гадны нөлөө, эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй хэмээн мэдээллээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ