Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг болон АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АХБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудаас хамгийн идэвхтэй, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр болон санхүүжилтийн тоо хэмжээгээр тэргүүлдэг талаар дурдаад Монгол Улсын бодит бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлсэн юм.
Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэд бүтэц, тэр дотроо төмөр замын төслүүд, эрчим хүч, барилга хот байгуулалтын зарим төслүүдийн талаар мэдээлэл өгч, АХБ-ны төлөөлөгчидтэй санал солилцлоо.
АХБ-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авсныхаа дараа Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээг бэхжүүлэх асуудалд санаачилга гарган ажиллаж байгаад онцгойлон талархал илэрхийлж, энэ нь Монгол Улсын хөгжилд алсын хараатай бодлого болохыг цохон тэмдэглэлээ.
Мөн хатагтай Эйми Леунг АХБ-ыг төлөөлөн цаашид Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратегийг дэмжиж ажиллахаа бүрэн дүүрэн илэрхийлж, олон төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, ярилцах завшаан олгосон явдалд талархал илэрхийлэв.
Эх сурвалж: www.president.mn
Холбоотой мэдээ