Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар их хурлын оролцогчдод хандан илгээлт хүргүүллээ. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:
“Эрхэм генерал, офицер, ахлагч, тэдний төлөөлөл болон “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар их хуралд оролцож байгаа зочид, төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амрыг эрье.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Халх голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралт зэрэг XX зууны Монголын түүхэнд тохиосон сорилт бүхэнд монгол цэрэг баатарлаг өвөг дээдсийнхээ адил ялалтын уухайгаар эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа батлан хамгаалахын зэрэгцээ нийгэм, оюун санааны салбарт дэвшилтэт үзлийг дэлгэрүүлэх, орчин цагийн урлаг соёл, утга зохиол, спорт, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, барилгажилт бүтээн байгуулалтыг цогцлоох үйлсэд соён гэгээрүүлэгч, бүтээн байгуулагч хүчин нь байсаар ирсэн билээ.
Нийгмийн шилжилтийн жилүүдэд мянга мянган офицер армийн бүтцийн өөрчлөлт, цомхотгол болон амьдралын шаардлагаар дүрэмт хувцсаа тайлж, жирийн иргэний амьдралд шилжсэн. Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудад ажиллаж байсан бэлтгэл офицерууд, тэдний байгуулсан төрөл мэргэжлийн цэргийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулан Анхдугаар хурлаа зохион байгуулж байгаад баяр хүргэж, хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Иргэний ардчилсан нийгмийн салшгүй бүрэлдэхүүн болсон Төрийн бус байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа нь нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх, иргэдийн санаа бодлыг төр, засгийн бодлого шийдвэрт тусгуулах, төр, иргэдийн харилцааны гүүр болох онцгой үүрэг, ач холбогдолтой юм.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар алба хаагчид, ахмад үеийнхний нийгмийн хамгааллыг сайжруулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч, үндэсний үзлийг түгээн төлөвшүүлэх, улс орныхоо хөгжил, батлан хамгаалахын салбарын ахиц дэвшлийг тодорхойлоход үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.
Өвөг дээдэс, ахмад үеийнхээ алдар гавьяаг ямагт санаж, тэдний үйл хэргээс суралцаж, хүндэтгэн залгамжилж, ирээдүй хойч болсон хүүхэд залуустаа өвлүүлэн, цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзэлтэй, ёс суртахуунтай, бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн зөв хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэх нь өнөө цагийн Та бидний хүлээсэн эрхэм үүрэг мөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын төлөө тууштай зүтгэж ирсэн Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагуудын ахмад дайчид, албаны нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсаа урагшлуулан хөгжүүлэх их үйл хэрэгт нэгэн санаа зорилго, нэгдмэл үйл ажиллагаагаар хамтран зүтгэхийг уриалан, амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн жавхаа бадартугай” гэжээ.
Эх сурвалж: www.president.mn
Холбоотой мэдээ