Гүйлтийн тэмцээнд Монголчууд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.05.02-нд нийтлэгдсэн

Гүйлтийн тэмцээнд Монголчууд амжилттай оролцлоо

Нью Иорк хотноо зохиогдсон олон улсын холын зайн 6 ба 10 өдрийн гүйлтийн тэмцээнд Монголчууд амжилттай оролцлоо.

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн 4-р сарын 20-30-ны хооронд Нью Иорк хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд дэлхийн 28 орны 84 гүйгчид оролцсон бөгөөд Монгол улсаас анх удаа 10 өдөрт 1 тамирчин, 6 өдөрт 2 тамирчин гүйлээ. Тусгайлан бэлдэж хэмжсэн 1,6 км-н зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 С хэлбэлзэлтэй нөхцөлд шөнө өдөргүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьсон юм. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, Гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулж байх бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, мөн амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлийг хангажээ.

Тус тэмцээний 10 өдрийн төрөлд Авсралийн гүйгч Сарах /эмэгтэй/ 641 мил буюу 1025,6 км, Литвийн Аудас /эрэгтэй/ 669 мил буюу 1070,4 км-р тус тус 1-р байрт орсон бол манай тамирчин Б. Буджаргал 487 мил буюу 779,2 км-р 50 доош насны ангилалд 10-р байрт , харин 6 өдрийн төрөлд Америкийн гүйгч Дипали /эмэгтэй/ 451 мил буюу 721,6 км, Америкийн гүйгч Жон /эрэгтэй/ 423 мил буюу 676,8 км-р тус тус эхний байрыг эзэлжээ. 6 өдрийн төрөлд оролцсон Нийслэлийн Баянгол дүүргийн эмч, спортын дэд мастер С. Оюунгэрэл 344 мил буюу 550,4 км-р 50 доош насны ангилалд шагналт 4-р байрт шалгарч цом гардсан бол Өнөр бүл Төвийн ажилтан Д. Баярсайхан 296 мил буюу 473,6 км-ээр 50- 59 насны ангилалд 4-р байр эзэлжээ. Тэмцээний хамгийн ахмад буюу 71 настай ОХУ- н эмэгтэй гүйгч Пратишрути 451 км, Америкийн 77 настай эрэгтэй гүйгч Дон 571 км тус тус гүйсэн байна.

Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 20 дахь жилдээ, 6 өдрийн гүйлт нь 18 дахь жилдээ зохиогджээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж