Хавханд орсон парламент

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Хавханд орсон парламент

Хавханд орсон парламент

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг шалгаж байгаагаа АТГ-аас зарласан билээ. ЖДҮХС-аас  зээл авсан 64 хүний 49 нь УИХ-ын гишүүн, 134 аж ахуйн нэгж зээл авсны 122 нь УИХ-ын гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудын өөрийн болон хамаарал бүхий компани байгааг мөн тодотгосон юм.

Зээл авсан гэх гишүүдийн нэрсийг харахад МАН-ын 65 дотор энэ асуудалтай нэр холбогдоогүй хүн цөөн, мөн өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн улаан хамгаалагч болсон сөрөг хүчний гишүүн Ж.Батзандан хүртэл бялууны зүсэм хүртсэн нь тодорхой болов. “Би мэдэхгүй”, “Миний, манай компани биш” гэсэн ЖДҮ-чид үнэнд гүйцэгдээд ирэнгүүтээ “ЖДҮ бол хулгай биш зээл. Зээл авахаас битгий ай” хэмээн даапаалж сууна. Ж.Энхбаяр гишүүн шиг төсвөөс хөрөнгөждөг сан бүрээс хүүгүй болон маш бага /жилийн 3 хувь/ зээл авчихаад 36 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг бол зээл авахаас юунд айна гэж. Харин өнөөдөр ЖДҮ эрхлэгчдэд олгож буй арилжааны банкуудын жижиг бизнесийн зээлийн хүү 18-24, банк бусын санхүүгийн байгууллагын жилийн зээлийн хүү 36-40 хувь. Ийм өндөр хүүтэй зээл авсан жижиг дунд үйлдвэрлэгчид ЖДҮ хулгайлагчидтай бизнесийн салбарт шударгаар өрсөлдөж чадах уу. Үгүй л болов уу.

ЖДҮ зээл үү, хулгай юу. Хуваарилалт нь жинхэнэ шог байсан энэхүү асуудлыг ихэнх хуульчид баримттай, нотолгоотой, бүлэг хулгай гэж дүгнэж байна. Товчхондоо, “Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар найм хүртэлх жилийн хорих ялтай” УИХ-ын ЖДҮ-чид С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзээд “ухаан алдах” шахсан ч учиртай бөлгөө. Хэрэг хийсэн хүмүүс өөрсдийгөө хэзээ нэгэн цагт шоронд орвол гэж төсөөлсөн ч байж мэднэ.

Өгөөш болгож тавьсан бялууны зүсэм идэх гээд урхинд нэгэнтээ орчихсон МАН-ын гишүүд шоронд суухгүйн тулд Монголын хууль батлах байгууллагад Үндсэн хуулиар олгосон төрийн эрх мэдлийг эхнээс нь ҮАБЗ-ийн даргад өгч байна. УАБЗ-ийг даргалах эрх мэдэлтэй ганц хүн бий. Тэр нь Х.Баттулга.

Үндсэндээ, энэ бол Г.Занданшатарын парламентын хамгийн том алдаа бөгөөд УИХ-ын 76 гишүүний тавиас илүү хувь нь ЖДҮ-чин болсон гэх асуудал нь цаашдаа Монгол парламентын засаглалтай байх хэрэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэх массын тархи угаах сайхан далим болох нь гарцаагүй. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэж.

Нэг бичлэг задлаад ҮАБЗ-д хууль, шүүхийн эрх мэдлийг төвлөрүүлж чадаж байгаа юм чинь Монголын парламентын 49 бүлэг хулгайчийн тухай нэвтрүүлэг хийхэд л хар масс бүхэлдээ Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж хошуурахад бэлэн байгаа.

Хавханд орсон чоно нэг бол буудуулж үхэхээ хүлээх, нөгөө бол эр зориг гаргаад хөлөө тас хазаад амьд гардаг. Энэ өнцгөөс харвал Г.Занданшатарын парламент ЖДҮ-чидтэйгээ ёс зүйн хариуцлага тооцоод бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, үгүй бол ҮАБЗ-ийн даргад бүх эрх мэдлийг өгөөд бүгдээрээ шорондоо орох хоёрхон зам үлдэж байна. ЖДҮ-гээс өөр барьцаалагдсан хэрэг, хүүхэн шуухны бичлэг байхгүй бол шүү дээ.

Уг нь УИХ-д үнэмлэхүй олонх болсон У.Хүрэлсүхийн намынханд улс төр, эдийн засгийн хоёр том реформ хийх боломж байсан. Байсан гэдэг нь өнгөрсөн цаг дээр. У.Хүрэлсүх өөрөө ч өнөөдөр урхинд орчихсон яваа. Хэрэвзээ, Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж, өөрийнхөө намынханд урхи тавиагүй бол шүү дээ. Гэхдээ “үгсэн хуйвалдсан” байх магадлал нь улс төрд өрнөж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс харахад өндөр байна.

Өнөөдрийн хувьд МАН-ын хавхтай 65 Монголын парламент, Монгол Улсын нэр хүндээр хангалттай тоглож дууссан. Өөрсдийгөө ч хавханд оруулчихаад хөдөлж чадахгүй сууна. Хохь нь, “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэж үг байсаар байхад өөрсдөө уралдаж очоод урхинд орж байгаа бол!

Ингэхэд маргааш нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хууль, шүүхийн удирдлагуудыг сольж, Ерөнхийлөгч нэг хүслээ биелүүлэх  нь тодорхой болсон.  Үүнээс өөрөөр Г.Занданшатарын парламент юу ч хийж гавихгүй байх. Үндсэн хуулийг өөрчилнө гэж үлдсэн нэг жилдээ гай тарихгүй байвал гавъяа нь тэр болно. Үгүй бол өнөөх түйрэн, тийрэнгүүдийн хүслээр төрийн эрх мэдлийг бүхэлд нь ҮАБЗ-д өгчихөж мэдэх вий гэсэн айдас хүйдэс л байна, яг үнэндээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж