Ч.Раднаабазар: "Эцэг, эх хүмүүс хариуцлагатай байх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Ч.Раднаабазар: "Эцэг, эх хүмүүс хариуцлагатай байх ёстой"

Ч.Раднаабазар: "Эцэг, эх хүмүүс хариуцлагатай байх ёстой"

Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, банк болон боловсролын үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн чухал зорилтыг дэвшүүлсэн нь биеллээ олж, 3 дахь жилдээ үр дүнтэй хэрэгжиж байна.

Гэрт хүрэх үйлчилгээний хүрээнд өнгөрсөн 2018 онд боловсролын үйлчилгээг 16 хүүхдэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 126 иргэнд, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 31 иргэнд 3,190,350 төгрөгийг гэрээр хүргэж, нийт 173 иргэний гэрт нь хүрч төрийн үйлчилгээг үзүүлжээ.

Тэгвэл он гарсаар “Гэрт хүрч үйлчлэх” үйлчилгээний хүрээнд хэвтрийн болон байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ, 35 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд нийт 426,000 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг гэрээр хүргэжээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэрт хүрэх үйлчилгээний хамт дүүргийн зорилтот бүлгийн 3 өрхийн гэрээр орж, амьдрал ахуйтай нь танилцан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр боллоо.

Эдгээр өрх нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хараа хяналтад байдаг байна.

Тус бүрэлдэхүүнд Гэрт хүрч үйлчлэх үйлчилгээний эмнэлгийн тусламжийн багаас гадна Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар болон Боловсролын хэлтэс, Газрын алба, Улаан загалмайн хорооны төлөөлөл очсон юм.

Эхний айл бол 5 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй Н-ийнх юм. Тэрбээр айлын гэр сарын 50 мянган төгрөгөөр түрээслэн амьдардаг байна. Амьдралаа залгуулахын тулд бага насны 2 хүүхдээ дагуулаад ажилдаа явдаг байна. Ажил хийхийн тулд өнгөрсөн намар 7 настай хүүхдээ хичээлийг нь завсардуулсандаа санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Амьдралын төлөө зүтгэж байгаа түүнд хуулийн хүрээнд халамжийн дэмжлэг үзүүлэх, Улаан загалмайн хорооноос шаардлагатай хувцас хэрэглэл өгөх, Боловсролын хэлтсээс сургууль завсардсан хүүхдийг нь дахин сургуульд оруулах, хүүхдийг нь цэцэрлэгт хамруулахад анхаарахаар болсны зэрэгцээ газрын асуудлыг нь ч шийдвэрлэсэн юм.

Дараагийн очсон айл бол Ц-ийнх юм. Тэрбээр эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд улирлын чанартай ажил эрхэлдэг байна.

ГБХЗХХ-ийн дарга Б.Наранбаяр хэлэхдээ: "Нийслэл, дүүргийн хамтарсан шалгалт ирэхэд эцэг, эх нь 2-улаа согтуу байж таарсан. Тиймээс хүүхдүүдийг нь түр улсын асрамжийн газарт шилжүүлсэн байгаа. Манай байгууллагын зүгээс байнгын нөхцөл байдлын шинжилгээ хийж, эргэж тойрч байгаа. Энэ 2 маань амьдралын нөхцөл байдлаа сайжруулан, хүүхэд аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн тохиолдолд хүүхдүүдээ буцааж авна" гэв.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэдэнд хандаж хэлсэн үгэндээ: "Эцэг, эх болсон хүмүүс хариуцлагатай байж, үүргээ биелүүлэх ёстой. Та 2-ыг төр гадуур орхиогүй хүнсний тусламжинд хамруулсан байна. Архины хамаарлаас болоод хүүхдүүдийг чинь ч улс түр хамгаалалтанд авсан байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс залуу хүмүүс учраас архинаас татгалзаж, амьдрал ахуйгаа өөд нь татаж, хүүхдүүдээ буцааж авчрахын тулд хичээх хэрэгтэй. Таныг хүсвэл Би та 2-т итгэж байна" гэлээ.

Дараагаар нь мөн л олон хүүхэдтэй иргэн Н-ийнд очсон юм. Нөхөр нь ажил эрхэлдэг, өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байна. СӨХ-д 1 жил орчим ажилласан боловч цалинг нь бүрэн өгөхгүй орлуулан адууны гэдэс гэх мэтээр аргалдаг байсан учраас аргагүйн эрхэнд ажлаасаа гарсан гэдгээ ч илэрхийлсэн юм.

Түүнд гэрт хүрэх үйлчилгээний хүрээнд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгч, нарийн мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх, хүүхдүүдийг нь цэцэрлэгт хамруулахад анхаарахаар боллоо.

ЖИЧ: Эдгээр иргэдийн нэр хүндэд халдахгүй байх үүднээс нэрний эхний үсгийг зохиомлоор өгсөн бөгөөд нүүр царайг нь зориуд гаргаагүй болно.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж