Польшид болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан 85 настай иргэн Ц.Раднаа гуайг өнөөдөр Кёкүшюзан Д.Батбаяр тусгайлан хүлээн авсан юм. Яармагт байрлах “Сакура” сургуульд болсон уулзалтын үеэр Ц.Раднаа сурагчидтай ойрын зайн гүйлт хийж, тэдэнд сурлагын өндөр амжилтыг хүсэн дэлхий дахинд эх орноо мандуулсан алдартай хүн болоорой гэж хүсэн ерөөлөө.
Үүний дараа тус сургуулийн ойролцоо баригдаж байгаа “Ханбогд ресиденс” хороололд очиж, барилгачидтай уулзлаа. Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяр дэлхийн аварга Ц.Раднаа гуайд хоёр өрөө байрны батламж гардуулсан юм.
Дэлхийн аварга Ц.Раднаа“Үнэхээр их баяртай байна. Барилгачдын сэтгэл шингэсэн энэ сайхан бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спорттой байнга холбоотой явсны ач юм. Би Зайсангийн шатаар байнга өгсөж, Туул голын эргээр байнга алхаж явна. Энэ нь миний урт наслахын нууц байх. Залуучууддаа хандаж хэлэхэд эрүүл чийрэг байгаарай. Заавал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэртээ байх үедээ ч ямар нэгэн зүйл хийгээрэй. Эрүүл урт удаан наслахыг хүсэн ерөөе.” гэсэн юм.
Дэлхийн аварга Ц.Раднаа гуайд Кёкүшюзан Д.Батбаяр болон одоо баригдаж байгаа "Ханбогд ресиденс” хорооллоос хоёр өрөө байр бэлэглэж, батламжийг гардуулав.
"Ханбогд ресиденс” хорооллын барилгүйн үйл явц энэ онд дуусах юм байна.
Холбоотой мэдээ