Туркийн Гадаад хэргийн сайд ОХУ-аас C-400 зенит пуужингийн систем худалдан авах “гэрээ байгуулсан” хэмээн хэлснээс хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс тус системийг худалдан авахгүй байхыг Турк улсад дахин анхааруулсан байна.
Пенс өнгөрсөн лхагва гаригт Вашингтонд болсон НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ “Бид манай холбоотнуудын эв нэгдэлд заналхийлж буй улсаас зэвсэг худалдан авахгүй байхыг Туркэд анхааруулсан" гэжээ. Мөн Туркийн худалдан авахаар төлөвлөж буй, НАТО-гийн эвсэлд аюул учруулах С-400 пуужингийн систем нь ОХУ-д 2.5 тэрбум ам.долларын өртөгтэй байгааг дурдсан аж.
Түүнээс хэдхэн цагийн өмнө Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Анкара ОХУ-ын зенит пуужингийн системийг худалдан авахаар болсон талаар мэдэгджээ. Тэрбээр "Бид С-400 пуужингийн системийг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд шийдвэрээсээ буцахгүй" хэмээн хэлсэн байна.
АНУ ОХУ нь С-400 пуужингийн системээ тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглах магадлалтай гэж үзэж буй аж.
Пентагон өнгөрсөн даваа гаригт “Хэрэв Анкара ОХУ-д үйлдвэрлэсэн С-400 пуужингийн системийг худалдан авах төлөвлөгөөгөө зогсоохгүй бол Турк руу "F-35" сөнөөгч-бөмбөгдөгч онгоцны тоног төхөөрөмжүүдээ нийлүүлэхээ зогсоохоо зарласан билээ.
Пенс өнгөрсөн лхагва гаригт "Турк сонголтоо хийх хэрэгтэй. Дэлхийн түүхэнд хамгийн амжилттай цэргийн эвслийн чухал түнш байхыг хүсч байна уу? Эсвэл энэ эвслийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахыг хүсч байна уу?” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ