Хотын дэд бүтцийн төслүүд илүү өсөлт үзүүлнэ | News.MN

Хотын дэд бүтцийн төслүүд илүү өсөлт үзүүлнэ

Хотын дэд бүтцийн төслүүд илүү өсөлт үзүүлнэ

Хотын дэд бүтцийн төслүүд илүү өсөлт үзүүлнэ

Автомашины зогсоолоос олдог орлого үржихийн хүрдээр өсөж эхлэв

Хөл дүүжилдэг төмөр хөлгөө хаана, яаж байрлуулах вэ. Энэ асуулт өдөр бүр их хотын хагас сая жолоочийн толгойны өвчин, сэтгэлийн зовлон болсон гэхэд хилсдэхгүй. Ажил сургууль, эмнэлэг, үйлчилгээ, худалдаа арилжаа гээд алхам бүртээ жолооч нар зогсоол хайж байдаг цаг барсаар. Овсгоо самбай шаардсан энэ тэмцэл улаанбаатарчуудын уур бухимдлыг улам буцалгаж, уушги зүрхийг нь савсалцуулж байна. Ер нь нийслэлийн энгийн иргэд, жирийн үйлчлүүлэгчид зогсоол хайж байдаг цагаа барах эсвэл автомашинаа ачуулж, мөнгөө барах гэсэн хоёр сонголттой нүүр тулдаг. Зогсоол хайн, замаар сүлжилдэх жолооч нар нийслэлийн автозамын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэх тооцоо судалгаа ч байна.

Нэгэнт хотын замын хоолойг бачууруулдаг түгжрэлийг зүхлээ гээд зам цэлийж, ачаалал буурахгүй тул үүний шийдэл гарц гаргалгааг нийтээр хайж, эрэлхийлэх нь зүйтэй. Тэгвэл иргэдийн өмнө тулгарч буй бэрхшээл бүрийн ард шийдлээ хүлээсэн боломж нуугддаг бизнесийн бичигдээгүй хуулиар жолооч нарын толгойны өвчин болсон зогсоол их хотын хамгийн эрэлттэй бас ирээдүйтэй бизнест тооцогдож байна.

Сүүлийн жилүүдэд автомашины зогсоолоос олдог орлого үржихийн хүрдээр өсөж эхэлсэн. Өнгөрсөн онд гэхэд нийслэлийн нийтийн эзэмшлийн 46 зогсоолын орлого 125 сая төгрөгөөр даван биелж, албаныхнаас эхлээд бизнес эрхлэгчдийг хүртэл гайхашруулжээ. Нийслэлийн авто замын хөгжлийн газар дөрвөн иргэн, 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай түншлэн, нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоол ажиллуулдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэл  дор үйл ажиллагаа явуулдаг эдгээр зогсоолын орлогын 40 хувь нь иргэн, аж ахуйн нэгж, 60 хувь нь нийслэлийн авто замын санд ногддог аж. Тэгвэл өнгөрсөн онд эдгээр зогсоолын орлогын 60 хувь буюу нийслэлийг чиглэсэн мөнгө нь 375 сая төгрөгт хүрсэн байна. Энэ нь албаныхны тооцоолж байснаас даруй 50 хувиар илүү дүн аж. Өөрөөр хэлбэл, 1209 автомашины багтаамжтай 46 зогсоолын нийт орлого өнгөрсөн онд 620 сая төгрөгт хүрсэн гэж тойм байдлаар тооцож болох нь. төр, иргэн хоёрын хамтарч ажиллуулсан зогсоолын орлого өсөж бүр төлөвлөснөөс нь давсан тул энэ оны орлогын төсөөллөө ч ахиулсан. Ингэснээр нийтийн эзэмшил дэх төлбөртэй зогсоолоос нийслэлийн автозамын санд төвлөрөх мөнгөний хэмжээг 411 сая төгрөгт хүргэж, өсгөхөө ч мартсангүй.

Гэхдээ хагас тэрбум төгрөг рүү дөхөж буй энэ орлого бол нийслэлээс албан ёсны зөвшөөрөл авч, нийтийн эзэмшилд байгуулсан ердөө 46-хан талбайн орлого. Гэтэл эдгээрээс гадна иргэдийн төвлөрөл ихтэй орон сууц, үйлчилгээний газар, албан байгууллагын гадна талбайд сараалжин төмөр хатгаж, савладаг хаалга барьсан зогсоолууд нийслэлд хэд байгаа билээ. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй зогсоолын тоо өнөө хэр бүрэн тодорхой болоогүй байна. Минут, секундээр хэмжин, иргэдийн халаасыг хэмлэдэг зогсоол бүрийн орлогыг тооцвол хурдхан шиг л ийм бизнес хийх хорхой хүргэмээр дүн гарах биз.

Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд ресторан ажиллуулдаг иргэн Б үйлчилгээнийхээ газрын үүдэнд төлбөртэй зогсоолын зөвшөөрөл аваад, орлого олж сууна. 60 автомашин багтаах энэ талбайд түүний болон ажилтнуудынх нь 10 машин үнэгүй зогсдог. Харин үлдсэн зайд нэг машинаас цагийн 1000, өдрийн 4000 төгрөгийн төлбөр авдаг байна. Тойм тооцоо хийхэд л 60 автомашиныг нэг өдөр зогсооход 240 мянган төгрөг хялбархан, үйл ажиллагааны бараг зардалгүй олчихдог аж. Харин энэ зогсоолд нь иргэн Г сард дунджаар 90 орчим мянган төгрөгийн төлбөр олдог аж.

Нийтийн эзэмшилд нийслэлтэй хамтран зогсоол байгуулж буй иргэд нийт орлогынхоо талаас илүүг хотын замыг сайжруулахад төлдөг. Харин өөрийн эзэмшил талбайд бусад төрлийн болон авто зогсоолын үйлчилгээ үзүүлэх эрх авч, сул талбайгаасаа мөнгө олдог. Гэхдээ энэ мөнгө замын санд бус аж ахуйн нэгжийн орлогыг зузаатгаж, ААНОАТ зэрэг бусад татвар, хураамжаар дамжин, төсвийг чиглэдэг аж.

Нийслэлийн автомашины тоо хагас саяыг хэдийнэ давсан хэмээн албаныхан мэдээлж байгаа. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр техникийн хяналтын үзлэгт 2018 онд хамрагдсан автомашины тоо 400 мянгад хүрсэн байна. Дээрээс нь нийслэлийн автомашины тоо жилд дунджаар 50-60 мянгаар өссөөр. Ийм эрэлттэй, ашигтай зах зээл нийслэлд үүсээд байна.

Түгжрэлийг бууруулахаар толгойгоо гашилгаж буй төр төмөр хүлэг бүү уна, эсвэл автомашин худалдан авч болохгүй хэмээн хувь хүний эрх, эрх чөлөөнд халдах боломжгүй. Тиймээс зам болон зогсоолын хүчин чадлаа давсан автомашины тоо цаашид ч нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс энэ сорилтыг бизнесийн боломж болгон харах, дэлхийн томоохон хотуудын арга шийдлээс судалж, технологи инновац ашигласан арга шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарсаар байна.

ЗГМ: Тодруулга

Бизнесийн санаачилгыг хот дэмжинэ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Нийслэлийн жолооч нарт тулгардаг автомашины зогсоолын хүрэлцээ хангамжийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайжруулах боломж бий. Нийслэл үүнийг хэрхэн дэмжих вэ?

-Нийслэлийн автозамын хөгжлийн газраас улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ авч буйн нэг нь төлбөртэй зогсоолын тоог нэмж, үйл ажиллагааг сайжруулан, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх юм. Энэ хүрээнд “сar tower” буюу автомашины олон давхар зогсоол байгуулж, бэлэн бус мөнгөөр төлбөр хураамж авах зэрэг шийдлийг нийтийн эзэмшлийн зогсоолд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашлаад зөвхөн нийтийн эзэмшил гэлтгүй иргэн, аж ахуйн нэгжийн талбайд үүнийг нэвтрүүлэхийг уриалах, хамтран ажиллахаар судалж байгаа. Энэ ажил төр, хувийн хэвшлийн түншлэл чухал. Үүнд БНХАУ, Турк, Канад, БНСУ-аас хамтын ажиллагааны санал хүсэлт ирж байгаа. Авто замын хөгжлийн газраас зогсоол байгуулахад хэд хэдэн стандарт, шаардлага тавьж байгаа. Тухайлбал, нэмэх, хасах 45 хүртэлх градуст ашиглах боломжтой, нийслэлийн иргэдэд хүртээмжтэй байх ёстой зэрэг шаардлагыг тавьж буй. Мөн энэ төсөлд хот ямар үүрэгтэй, иргэн, аж ахуйн нэгж ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг тухай бүрт нь тохирч, шийдэл гаргахаар судалж байгаа.

-Жишээлбэл, иргэн А автомашины зогсоол байгуулахаар боллоо гэхэд төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах бол?

-Хандсан иргэн, аж ахуйн нэгж бүрт тохируулж концевци гаргах боломжгүй. Нэгдсэн стандарт,  нийслэлийн урт хугацааны бодлого, төлөвлөлт тохирсон шийдэл байх ёстой. Тухайлбал, хотын аль хэсэгт хөдөлгөөний эрчим өндөр байна, энэ талбайд хэдэн автомашин зогсох боломжтой гэсэн тооцоо судалгаа хийнэ. Энэ дагуу тодорхой стандарт хангасан бол үйлчилгээ үзүүлэх боломжтой. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан автомашины зогсоол байгуулах шаардлагатай хэсгүүдээс гадна иргэн, аж ахуйн нэгжийн өөрсдийнх нь газарт энэ үйлчилгээг үзүүлэхэд дэмжинэ. Үйлчилгээний орлогынхоо тодорхой хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлнэ. Гэхдээ судалгаа, шинжилгээ хийж, хүртээмж, эдийн засгийн үр өгөөж хэр байгааг нь тооцож үзнэ. Нийслэлд нийтийн эзэмшлийн зам талбай байхгүй биш байгаа. Үнэхээр иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж, технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр зорьж байгаа бол хот дэмжинэ.

-Зогсоолын үнэ ханшийн тухайд ямар чиглэл баримталж байна вэ?

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд захиргаадалтыг эдийн засгийн аргатай хослуулахаас өөр аргагүй. Автомашины тоо нэмэгдээд байхад зам тавиад түгжрэлийг бүрэн шийдэж чадахгүй. Тиймээс нийтийн тээврийг хөгжүүлж, хувийн автомашингүй хот болгох чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Нэг талаас, автомашины зогсоол хямд хэвээр байлгах зүйтэй гэж зарим иргэн хэлдэг. Гэтэл энэ нь эргээд түгжрэлийг нэмэгдүүлж, автомашины тоо өсгөх шалтгаан болж байгаа юм. Тиймээс үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Дэлхийн томоохон хотууд хэрэв та хувийн тэргээ унах гэж байгаа бол түүндээ тохирсон төлбөр төлөхийг шаарддаг. Тиймээс хотын бодлого ч энэ чиглэлд байгаа. Иймд авто зогсоолын төлбөр мөнгөний асуудлыг шинэчилж, НИТХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж