-Орон нутгийн онцлогт тохирсон худалдааны гудамж байгуулна–
Ил задгайгаар худалдаа наймаа эрхлэгчдийг цэгцэлж ажлын байраар хангах зорилгоор кувейтын гудамжны аюулгүйн тойргийн уулзвараас уурхайчин багийн Тамир зочид буудлын уулзвар хүртэл хэсгийг худалдааны гудамж болгохоор төлөвлөжээ. Эрүүл аюулгүй орчин нөхцөл бүрдээгүй газар ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгчид их байдаг. Ялангуяа урин дулааны улиралд энэ байдал нэмэгддэг гэж хэлж болно.
Худалдааны гудамж байгуулах гол зорилго нь эмх замбараагүй байдлаар ил задгай худалдаа наймаа эрхлэгчдийг цэгцэлж, орон нутгийн онцлогт тохирсон худалдааны гудамж байгуулж, тэдгээр иргэдийг тухайн гудамжинд төвлөрүүлэхэд оршиж байна. Өнөөгийн байдлаар Баян-Өндөр сумын засаг даргын захирамжаар 12 цэгт ил задгай худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогджээ.Дээрх иргэдийн хувьд тухайн газарт 20 гаруй жил худалдаа эрхэлж амьдрал ахуйгаа авч явж байгаа гэдгийг хэлж байна.
Тэдний хувьд стандартат нийцсэн тохь тухтай газар үйл ажиллагаа явуулахыг хүсэж байгаа төдийгүй, худалдааны гудамж байгуулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хамгийн гол нь ажил хэрэг болох хэрэгтэй гэдгийг ч хэлсэн. Энэхүү гудамж байгуулах ажил нь хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдаг бөгөөд энэ онд тус гудамжийг ашиглалтанд оруулна гэж Орхон аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр мэдээллээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
