Нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг илт гуйвуулан, удирдлагуудын нэр хүндийг зориуд гутаах гэсэн өнгө аястай, үндэслэлгүй мэдээ мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн “Баялгийн санг хариуцах Эрдэнэс Монголын багтай танилц” гарчиг бүхий нийтлэлд “гэрээт ажилтан, зөвлөхүүд гэсэн орон тоо бий болгож, 2018 онд 132 хүнд 199.6 сая төгрөг цалин нэрээр зарлагадсан” хэмээн ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл түгээсэн нь компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагааг илт гутааж, мушгин гуйвуулсан үйл явдал боллоо. Мөн “Өглөөний сонин”-ы 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн дугаарт “П.Ганхүү захирлыг ганхуулах аудитын дүгнэлттэй танилц” гарчиг бүхий мэдээлэлд “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар анх батлагдсан орон тооноос 45 албан хаагч буюу 2.4 дахин өссөн буюу 282 хүнээр илүү байгаа” зэрэг илт худал мэдээлэл тарааж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор санаатай үйлдэл гаргаж буйг залруулж байна.
Дээрх мэдээлэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх”, мөн хуулийн 10.8 дугаар зүйлд заасан “Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах” зэрэг зөрчлийн шинжтэй бөгөөд компанийн зүгээс эрх бүхий байгууллагад хандаж, хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэх болно.
Төрийн аудитын тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “ЗӨРЧИЛГҮЙ” хэмээн дүгнэсэн. “Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд 75 тэрбум төгрөгийн орлого олж, 21.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 13 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн юм.
Иймд холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагад шалгуулж, ажил хэргийн нэр хүндээ хамгаалахаа үүгээр мэдэгдэж байна.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
Холбоотой мэдээ