Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Элдэвтэй Жим Керри

Элдэвтэй Жим Керри

"Ньюс" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Хүмүүс” буланг хүргэдэг. Энэ удаад бид сүүлийн үед нам жимхэн амьдарч байгаа тоглосон кино бүр нь хүмүүсийн нулимсыг нь гартал инээлгэж чаддаг Алтан бөмбөрцөг наадмын хоёр удаагийн шагналт, Канад гаралтай Америк жүжигчин, продюсер, зураач, хөгжимчин Жим Керриг онцолж байна.

Дахин давтагдашгүй жүжиглэлт, хачин этгээд нүүрний хувирал, бусдыг хөгжөөх онцгой чадвараараа кино сонирхогчдын хайртай жүжигчин болсон тэрбээр хүнд хэцүү амьдралаас өөрийнхөө авьяас чадварынхаа хүчээр алдарт хүрсэн нэгэн юм.

Жеймс Южин Жим Керри нь 1962 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Канадын Онтарио мужийн Ньюмаркет хотод жирийн нэг хөгжимчний хүү болон мэндэлжээ. Түүнийг төрөөд удаагүй байхад аав нь ажлаасаа халагдаж тэдний гэр бүл дундаж давхаргаас ядуусын эгнээнд шилжиж, бүхээгтэй том ачааны тэргэнд хүртэл амьдарч үзсэн байна. Тиймээс эцэг эхдээ нэмэр болохын тулд багаасаа л хар бор ажил хийж өссөн Жим өөрийгөө энгийн нэг хүүхэд биш харин өөрт нь авьяас байгаа гэдгээ мэддэг байсан ба 10 настай байхдаа өөрийнхөө товч намтрыг Америкийн алдарт телевизийн шоуны хөтлөгч Кэрол Бурнетт рүү явуулж байснаа хожим нь дурсан ярьсан байдаг. Тэрбээр 15 насандаа анх удаа тайзан дээр гарсан ч амжилт олоогүй учир хоёр жилийн дараа ахин оролдож үзэхээр шийдэж, Торонто хотын Юк Юк театрт жүжигчний шалгаруулалтад орохоор явахад нь аав нь түүнийг хүргэж өгч байжээ.

 

Хоёр дахь оролдлого нь амжилттай болсон Жим  тэндээ жүжигчнээр ажиллах болж, удалгүй дэлгэцийн урлагт хөл тавихаар Лос Анжелест ирсэн байна. Лос Анжелест ирээд зарлагдсан кино бүрийн дүрийн сонгон шалгаруулалтад алгасалгүй оролцож, тэр хооронд тааралдсан ажлаа хийж амь зогоодог байж. Ингэж явсаар нэгэн кинонд анх удаа гол дүр бүтээх болсон нь 1994 онд хямд өртгөөр бүтсэн “Эйс Вентура” кино байв. Энэ киноны Эйсийн дүр нь түүнийг алдрын замд хөтөлсөн гэж хэлж болно. Үүнээс хойш Жим үзэгч бидний сэтгэлд хоногшсон “Маск”, “Бүхнийг чадагч Брюс”, “Далан худалч”, “Тэнэг, тэнэгийн туйл хоёр”, Труманы шоу”, Сарны хүн зэрэг маш олон киноны гол дүрийг бүтээснээс гадна Гринч: Зул сарыг хулгайлсан нь”, Хортон, Зул сарын магтуу” зэрэг бяцхан үзэгчдийн шимтэн үздэг хүүхэлдэйн кинонуудад дуу оруулжээ. Сүүлийн үед нам жимхэн амьдарч байгаа жүжигчин маань уран зураг, тэр дундаа шог зургийн салбарт хүч сорих болсон байна. Тэрбээр ихэвчлэн улс төрийн сэдвүүдийг хөндөн зурдаг бөгөөд нийгэм улс төрийн болж бүтэхгүй талыг харуулсан түүний зураг зарим нэг албан тушаалтнуудын дургүйг хүргэдэг гэнэ.

 ӨӨДРӨГ ҮЗЭЛТЭН ЖИМ КЕРРИ

Нэгэн орой Лос Анжелес хотын захын жижиг толгод дээр гарч суугаад, ядуу байдлаасаа гарах гүн бодолд автан хотын барааг ширтэн суухдаа, өөрөө өөрийгөө өөдрөг байлгах үүднээс өөртөө 10 сая ам.долларын чек бичээд, гүйлгээнийх нь утга дээр “…” киноны цалин гэж бичээд түүнийгээ жинхнээсээ 10 сая ам.доллартай болтлоо хаяхгүй гээд хэтэвчиндээ хийгээд хадгалсан байна. Гэтэл үнэхээр л түүний бодлыг хэн нэгэн сонссон мэт 1995 онд “Liar Liar буюу” "Далан худалч" киноноос тэр 10 сая ам долларын цалин хүртсэн юм.

Мөн түүнийг бага байхад татварын байцаагчид гэрт нь ирээд тэднийг гудамжинд хөөж гаргаж байхад Жим хадгалж байсан 100 ам.доллараа оймсондоо нуугаад гарч байсан ба хэчнээн ядуу хоосон байсан ч “Надад 100 ам.доллар байгаа шүү дээ” гэж бодон өөртөө  итгэлтэй болж амьдралаа өөдрөгөөр төсөөлдөг байсан хэмээн дурсан ярьсан байдаг.

Нэлээд нэрд гарсныхаа дараа алдарт Опра Уинфригийн шоунд оролцохдоо “Чиний одоо ямар байгаа чинь хамаагүй харин нүдээ аниад мөрөөдлөө биелүүлж байна гэж төсөөлөөд, түүнийхээ төлөө уйгагүй ажиллаж чадвал бүтэхгүй төсөөлөл гэж байхгүй, ямар нэг баян хамаатан чинь үхэж чамд өв хөрөнгөө үлдээхийг битгий хүлээ, бас сугалаанаас гэнэт их мөнгө хожиж баяжихыг ч битгий хүлээ. Хөдөлмөрч бай, хичнээн удаа бүтэлгүйтсэн ч оролдлого байвал бүтэж л таарна” гэж хэлж байжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Жим Керри хоёр удаа албан ёсоор гэрлэж байсан бөгөөд анхны эхнэртэйгээ 1987 онд гэрлэж, удалгүй охиноо өлгийдөн авсан ч найман жилийн дараа буюу 1995 онд хоёр тийш болсон юм. Харин 1996 онд хоёр дахь гэргий, “Тэнэг тэнэгийн тууль хоёр” кинонд хамтран тоглосон жүжигчин Лорен Холлитой гэрлэсэн ч тэдний гэрлэлт жил хүрэхгүй хугацаанд л үргэлжилсэн. Үүнээс хойш жүжигчин модель Женни Маккартни, Катриона Уайт гэх эмэгтэйчүүдтэй нэр холбогдсон ба Катриона Жимээс салаад удаагүй байхдаа гэртээ эмийн тун хэтрүүлэн хэрэглэж амиа хорлосон байдалтай олдсон нь түүнийг асуудалд оруулсан. Энэ хэргээр цагдаад хүртэл дуудагдаж байсан ч Жим энэ хэрэгт холбоогүй нь нотлогдсон байна. Катрионаг нас барснаас хойш тэрбээр ганцаардмал нэгэн болж хувирсан ба удалгүй өөрөөсөө 20 гаруй насаар дүү Орос бүсгүйтэй үерхэж байна гэж яриа гараад намжсан. Ингээд гурван жил орчим гоонь эр явсан 56 настай Жим өнгөрсөн оны "Алтан бөмбөрцөг" кино наадмын улаан хисвний ёслолд шинэхэн амраг 34 настай Жинжер Гонзагагийн хамтаар иржээ.Тэрбээр болзоот бүсгүйгээ гараас нь хөтөлж, анхаарал тавин, ихэд аз жаргалтай харагдаж байсан юм.

ЖИМ КЕРРИГИЙН ХЭЛСЭН ЭШЛЭЛҮҮД

“Хамаг ажил бүтэхгүй байхад инээхээс өөр аргагүй болдог”

"Хүн амьдралдаа нэг ч удаа худлаа ярихгүй байна гэж байхгүй. Энэ бол ерөөсөө боломжгүй зүйл. Гэхдээ алхам тутамдаа худлаа ярьж болохгүй"

“Эмэгтэй хүнтэй харилцах амаргүй. Кинонд тоглоход зүгээр байдаг мөртлөө яг амьдрал дээр дөхөж очоод “Сайн уу. Таныг болзоонд урьж болох уу” гэж асуух маш хэцүү. Гэхдээ би энэ зандаа харамсдаггүй. Учир нь би хүүхэн болгон дээр очоод “Сайн уу” гээд явдаг шалиг эр болохыг хүсдэггүй”

"Мэдээж хүнийг инээлгэж, зовлонг нь түр ч гэсэн мартуулна гэдэг агуу үйл. Хүн инээлгэх дургүй хүн гэж байдаггүй болов уу. Найз нөхөд, гэр бүлтэйгээ байхдаа ч хошигнож, инээд хөөр бэлэглэх дуртай"

"Ямар нэг баян хамаатан чинь үхэж чамд өв хөрөнгөө үлдээхийг битгий хүлээ, мөн бас сугалаа хожиж гэнэт баяжна ч гэж битгий хүлээ. Хөдөлмөрч бай"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж