Нийслэлийн Баянгол дүүрэгт 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан. Тэгвэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүүгийн гэмтлийн зэргийг “хүнд” гэмтэл хэмээн тодорхойлсон байна. Хүү одоогоор ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван удаагийн хагалгаанд орсон ч бие нь дээрдээгүй байгаа юм.
Хэргийг сануулахад, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон юм.
Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн хойд эцэг болох 27 настай Т нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан аж. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд хүүгийн ээжтэй хоёр жил хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ