Г.Алтан хадгаламжаа хамгаалахын тулд иргэний үнэмлэх хураасан уу?

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Г.Алтан хадгаламжаа хамгаалахын тулд иргэний үнэмлэх хураасан уу?

Г.Алтан хадгаламжаа хамгаалахын тулд иргэний үнэмлэх хураасан уу?

"Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн захиргаанаас түрээслэгчид болон иргэдийн иргэний үнэмлэхийг авч нэг сарын дараа буцааж өгөхдөө нэг сая төгрөг өгөх нь гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд цацагдаж, энэ мөрөөр хүмүүс дугаарлан, цагдаагийнхан ажиллаж байсан билээ.

Дээрх асуудлыг дахин сурвалжлахаар бид өчигдөр /2019.04.03/ тус худалдааны төвийг зорив. "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн эзэн Г.Алтан банкин дахь хадгаламжаа эрсдлээс хамгаалахын тулд түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг ашиглахаас аргагүй болсон байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн тул ийн зорьсон юм. Үдийн 14.00 цаг болж байхад очсон тул тус худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй, хүнсний бүтээгдэхүүний тасаг хамгийн их ачаалалтай байлаа.

Хүнсний тасгийн буланд суух 50 орчим насны худалдагчаас дээрх асуудлын талаар тодруулбал нэрээ нууцлахыг хүсч “Иргэний үнэмлэх хураан авсан нь  үнэн. Гэхдээ нөгөөдөр нь бичиг баримтыг нь буцаан өгсөн. Биднийг мэдээгүй байхад хүмүүс энүүгээр дугаарлаад бөөн бужигнаан болсон. Харин мөнгө тараасан асуудлыг би мэдэхгүй” хэмээн бухимдангуй хариулав.

Бидний яриа ийн өндөрлөж, бусад худалдагчдаас энэ тухай асуухад “мэдэхгүй” хэмээн хариулт өгөхөөс татгалзсан юм. Магадгүй эндхийн захиргаанаас нь түрээслэгчдийг хэвлэлд яриа өгөхийг хориглосон байж болзошгүй гэсэн хардлага төрснөө нуух юун.

Хоёр давхарт байрлах гутал, бэлэн хувцасны тасгаар орлоо. Түрээслэгчид мөн л болсон явдлын талаар мэдээгүй хэмээж байлаа.

БИЧИГ БАРИМТ ХУРААН АВСАН Ч БИДЭНД НЭГ Ч ТӨГРӨГ ӨГӨӨГҮЙ

Цааш явсаар хоёр давхрын урсдаг шатны ойролцоох лангууны эзэдтэй таарч цөөн хором ярилцсан юм. Тэдний нэг нь энд долоо дах жилдээ худалдаа эрхэлж байгаа бөгөөд лангуугаа нэг метр квадратыг 10 мянган ам доллараар худалдаж авснаа тайлбарлав. Мөн лангуугаа худалдаж авсан бол сард ашиглалтын зардал болох 86 мянган төгрөгийг төлдөг бол худалдаж аваагүй тохиолдолд сар бүр түрээсийн төлбөрөө төлдөг журамтай гэнэ.

Түрээслэгч Б нэрээ нууцлахыг хүсч “Тухайн өдөр бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Бидний ихэнх нь үнэмлэхээ өгсөн. Гэхдээ маргааш нь бичиг баримтыг маань буцаагаад өгсөн. Зарим хүмүүс 10-20 паспорт, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хүртэл өгсөн байна лээ. Бид ч гэсэн хамаатан садныхаа бичиг баримтыг цуглуулсан. Тэгээд биднээс гарын үсэг зуруулаад бичиг баримтыг маань хураасан. Яг юунд гарын үсэг зурснаа мэдээгүй. Хамгийн гол нь бид гадуур яригдаж байгаа шиг дансандаа мөнгө байршуулсан бол баярлаад л хүлээж авна. Үнэхээр мөнгө өгдөг бол сайхан байна. Тэр мөнгө нь сонгуулийн мөнгө юм уу бүү мэд. Янз бүрийн шалтгаанаас болоод мөнгө өгөхөө больчихлоо. Үнэхээр өгөх байсан бол нэг сарынхаа түрээсийг ч гэсэн төлчих мөнгө” хэмээн ярилаа.

Өөр нэгэн түрээслэгч Л  “Тэр өдөр цагдаа дуудаад бөөн юм болсон. Энд хүмүүс дугаарлаад л байсан. Бид гайхаад сууж байхад тийм зүйл болсон байна лээ. Биднээс бичиг баримт авах нь авсан. Гэхдээ маргааш нь буцаагаад өгсөн.

Лхагва гаригт буюу амралтын өдрийн өмнөх өдөр хураасан болохоор бидний зарим нэгд үнэмлэхийг маань юунд ашигласан бол гэсэн хардлага төрсөн. Гэтэл эндхийхэн цагдаа дуудаад болохоо байчихлаа гээд буцаагаад өгсөн.

Тийм л асуудал болсон. Бидний зарим нь бичиг баримтаа авсан. Одоог хүртэл бичиг баримтаа аваагүй хүн байна лээ. Хэрвээ бид албан ёсоор яриа өгвөл дээрээс дарамтална. Маш олон жилийн хүч хөдөлмөр энд шингэсэн байгаа учраас ажлын байргүй болох вий гэхээс эмээж байна” гэлээ.

КАПИТАЛ БАНКНААС МӨНГӨӨ ТАТАЖ АВАХЫН ТУЛД ИРГЭДИЙН ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ АШИГЛАСАН УУ?

Түрээслэгчид "Г.Алтан Капитал банкнаас мөнгөө татаж авахын тулд иргэдийн цахим үнэмлэхийг ашиглах зорилго агуулсан байх” гэсэн хардлага төрснөө нуулгүй хэлж байлаа. Өөр нэгэн таамаг нь УИХ-ын гишүүн Б.Ундармааг ЖДҮХС-аас зээл авч, "Капитал" банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа мэдээлэл бий.

Тухайлбал, Г.Алтан тус банканд 80 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай. Хэрэв Капитал банкны үйл ажиллагаа доголдвол их хэмжээний хохирол үүрнэ. Тиймээс иргэдийн иргэний үнэмлэхийг цуглуулсан байж магадгүй бололтой.

Тэгвэл энэ нь Банкан дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуультай холбоотой бөгөөд тус хуулийн 8.1 дэх  зүйлд “Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө" гэж заажээ. Энэ заалтыг Г.Алтан ашиглаж, төрөөс мөнгө гаргуулахаар ийм арга саам хайсан байхыг үгүйсгэхгүй гэх хардлага ч төрүүлж амжсан байна. Ингэхдээ иргэдээс хурааж авсан үнэмлэхийн дагуу тухайн иргэдийн дансанд тус бүр 20 сая төгрөг байршуулсан гэх бөгөөд хэрэв банк дампуурал хүлээхэд Г.Алтан хохирохгүй, төрөөс иргэн тус бүрээр дамжуулан мөнгө гаргуулах боломжтой юм байна.

НЭГДСЭН САНТАЙ БОЛГОХ ЗОРИЛГООР БИЧИГ БАРИМТ ХУРААН АВСАН ГЭВ

Дээрх асуудлаар тус төвийн захиргааны ажилтнаас тодруулахад “Манай худалдааны төв дээшээ өргөтгөл барих гээд түрээслэгч нараасаа захиалга авах гээд бүртгэж байсан. Үнэхээр мөнгө төгрөг тарааж байгаа бол бид ч гэсэн авмаар байна. Манай түрээслэгч нар энд шуугисан юм ерөөсөө байхгүй” гэх зөрүүтэй тайлбарыг өглөө.

Тэдний хэлж буйгаар мөнгө өгч байгаа гэж хэлээд хүмүүс ирсэн гэнэ. Харин тус төвийн менежерээс тодруулах гэсэн боловч биднийг очиход байгаагүй гадуур ажилтай явж байна гэх мэдээллийг өгсөн юм. Утсаар лавлахад “Түрээслэгчдийн мэдээллийн нэгдсэн сантай болгох зорилгоор иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг цуглуулсан. Иргэдийн дунд мөнгө тараасан, бичиг баримт барьцаалсан гэх буруу ташаа мэдээлэл цацагдсан байна.

Бидний зүгээс мөнгө тараасан асуудал огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Иргэд хоорондоо мэдээлэл дамжуулахдаа бие биетэйгээ буруу ойлголцож, нэгнээсээ буруу мэдээлэл сонссоны үндсэн дээр мөнгөний асуудал яригдсан байх. Манай дээр ямар ч мөнгө тараасан асуудал байхгүй. Цаад асуудлыг цагдаагаас асуу” гэсэн тайлбарыг хэллээ.

Энэ асуудалтай холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус төвийн удирдлагууд өргөтгөл барих зорилгоор иргэдийн бичиг баримтыг хураан авсан бөгөөд худалдааны төвийн гадаа эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаад дуудлага өгсөн гэж тайлбарласан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж