Засаг огцруулахын дон

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Засаг огцруулахын дон

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эхний ээлжид Засгийн газар огцрох ёстой” гэж лүндэн буулгалаа. МАН-ын 26 гишүүн Н.Алтанхуягийн Засгийн газрыг алдаатай бодлого явуулж байна гэж зогсоо зайгүй шүүмжилсээр санасандаа хүрч  огцруулсан. Гэтэл шинэ засаг гараад долоон сар болж байхад дахиад л Засгийн газраа огцруулах талаар ярьж эхэллээ.

Тэрбээр өнөөдөр “АН-ын Гүйцэтгэх зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа.  Засгийн газрынхаа хийсэн гэрээ хэлэлцээрийг дэмжихгүй гэсэн. Бас намын дарга нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Үүнээс юу харагдаж байна гэхээр Засгийн газар цаашид ажиллах шаардлага байна уу гэж харж байна.  Засгийн газрын оруулж ирсэн гэрээ хэлэлцээр бүгд уналаа.  Үүнээс Засгийн газрын чадамжийн асуудал гарч ирж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар улс орныг удирдах чадамжаа алдсан байна.  Мөн эд нарт ажил хийх боломж орон зай дууссан харагдаж байна. Тэгэхээр Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгөөд, Засгийн газраа тараах хэрэгтэй.  Хамтарсан Засгийн газар байгуулах, хамтарсан шийдэл хийх олон асуудал нь нурж байна шүү дээ.  Засгийн газрын оруулж ирсэн арга хэмжээнүүд бүгд уналаа. Тэгэхээр хамгийн гол нь цаг алдаж болохгүй” гэсэн юм.

Тэрбээр энэ бүхнээс гарах гарцыг нэгдүгээрт Засгийн газар огцрох, хоёрдугаарт УИХ  тарах хэрэгтэй гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр цаашид эдийн засаг хүчтэй агших нь тодорхой болж байгаа учир улс төрийн шийдвэр гаргаж “Шинэ мэргэжлийн Засгийн газар” бүрдүүлэх Үндсэн хуулийг өөрчлөлтийг  яаралтай хийж Төр Засгийг өөрчлөх хэрэгтэй гэнэ.

Өмнөх  Засгийн газар огцорсноос үүдсэн бужигнаан, төрийн албаны халаа сэлгээ  одоо ч  дуусаагүй байхад дахин засаг байгуулах талаар ярьж эхэллээ.  Өөрсдийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавих улстөрчдийн хөлд ард иргэд чирэгдсээр л байхуу.

С.СҮРЭН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж