Б.Соддэлгэрэх: Нүүдлийн шувууд эрчимтэй ирж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Б.Соддэлгэрэх: Нүүдлийн шувууд эрчимтэй ирж байна

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биологийн тэнхимын лаборант, шувуу сонирхогч, “Визгүй аялагчид” шувуу ажиглалтын клубыг үүсгэн байгуулагчдийн нэг Б.Соддэлгэрэхтэй ярилцлаа.


-Урин дулаан улирал айлчлан, хавар болжээ. Монгол орноор хэчнээн шувуу дамжин нүүдэллэдэг тухай яриагаа эхлэх үү?

-Монгол оронд хамгийн сүүлийн байдлаар 506 зүйлийн шувуу албан ёсоор бүртгэгдээд байгаа. Эдгээрийн 51 орчим хувь нь манай оронд хаврын улиралд нүүдэллэн ирж, өндөглөн зусаад, намар нь буцдаг. Ерөнхийдөө гуравдугаар сараас эхлэн шувуудын нүүдлийн түрүүч ирдэг. Одоо нүүдлийн шувууд эрчимтэй ирж эхэлж байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр нүүдэллэж дуусах байх.

-Ганга нууранд хун шувуу ихээр чуулдаг гэдэг шүү дээ. Энэ мэт манай орны ямар газруудад нүүдлийн шувууд олноор амарч, өсөж үрждэг бол?

-Дэлхий дээр нүүдлийн шувуудын найман зам бий. Уг зам нь хойноосоо урагш, урдаасаа хойш гэсэн чиглэлтэй байдаг. Манай орноор нүүдлийн шувуудын гурван зам дайран өнгөрдөг. Шувуудын нүүдлийг дотор нь алсын зайн нүүдэл, ойрын зайн нүүдэл гэж хоёр хуваадаг.  Шувууд нүүдлийн замдаа ядрах, залуу шувууд зүг чиг алдах тохиолдол цөөнгүй гарна.

Нүүдэллэх үедээ шувууд шонгийн утас мөргөх, шил мөргөх, тогонд цохиулах, махчин амьтанд бариулах ч тохиолдол гарна.  Тийм учраас манай орны гол устай газар нүүдлийн шувуудад амрахад хамгийн тохиромжтой газар. Ганга нууранд хамгийн олон хун чуулдаг гэдгийг хүн болгон мэднэ. Харин түүний ойролцоо Дарьгангын шувуудыг бөгжлөх суурин гээд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй мониторинг судалгаа хийдэг газар бий. Мөн Хэнтий аймгийн Хурхын шувуу бөгжлөх суурин байна. Ерөнхийдөө Монгол оронд шувууд өсөж үржихэд таатай 70 чухал газрыг тэмдэглэгдсэн байдаг. Шувуудын нүүдлийн үеэр жижиг горхи,булаг, шандад хүртэл хэсэгхэн амраад, идэш тэжээлээ идээд, өд сөдөө цэвэрлээд явах боломжтой байдаг. Тиймээс жижиг гэлтгүй устай газар шувууд амарч, дайран өнгөрдөг. Ерөнхийдөө олон зүйлийн шувуу харахыг хүсвэл Хар ус нуур, Ганга нуур, Өгийн нуур зэрэг нууранд шувууд олноор цуглардаг. Улаанбаатар орчимд бол Сонгино орчимд олон зүйлийн шувуу ажиглаж болно.

-Манай оронд устах аюулд хүрээд буй хэчнээн шувуу байна вэ?

– Монгол оронд хамгийн сүүлийн байдлаар 500 гаруй зүйлийн шувуу албан ёсоор бүртгэгдээд гэдгийг хэлсэн. Эдгээрээс Улаан номонд багтсан нэн ховор ангилалд 35 зүйлийн шувуу байдаг. Зарим нэн ховор шувуудыг онцолж хэлбэл, гургуул, алтайн хойлог, шарэлэгт хөмрөг шувуу байна. Шарэлэгт хөмрөг шувуу сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж буй. Учир нь тархалт нь элбэг байсан ч Хятадууд тор тавьж, хүнсэндээ ихээр ашигласнаар 90 гаруй хувь нь устаад байгаа.

Миний хувьд шарэлэгт хөмрөг шувууг Хурхын шувуу бөгжлөх сууринд дадлагажигч оюутан байхдаа анх гар дээрээ барьж үзэж байсан. Маш азтай тохиолдол л доо. Бас номин шогшир буюу Kingfisher шувуу байна. Энэ шувуу маань загасаар хооллодог. Жижгэвтэр бор шувууны хэмжээтэй биетэй мөртлөө урт хошуутай, өнгө зүс маш гоё шувуу.

Номин шогшир шувуу

-Монгол орны шувуудын хамгийн хамгийнаас дурдвал. Сонин содон шувуудаас танилцуулаач?

-Монголын хамгийн жижиг биетэй шувуу гэвэл дууч шувуунууд байдаг. Яг зүйлийн сайн хэлж мэдэхгүй байна. Шувуу сонирхогчдын хувьд ховор зүйлийн шувууг олж харах нь хамгийн баяртай мөч л дөө. Монголд бүртгэгдсэн 500 гаруй зүйлийн шувуудаас хүн амьдралдаа нэг удаа харах шувуу байна. Эсвэл өдөр болгон харж, ажиглах шувууд ч байна. Нас бие дөнгөж гүйцээд анхны нүүдлээ хийж байхдаа сүргээсээ тасрах, зүг чигийн баримжаа алдсан тохиолдлоор Монголоор дайран өнгөрөх тохиолдол бий. Сонирхуулж хэлэхэд гурван жилийн өмнө манай оронд ягаан нал шувуу буюу фламинго гурав дахь удаагаа бүртгэгдсэн. Өмнө нь 1947, 1969 онд бүртгэгдэж байсан юм билээ.

Ягаан нал шувуу буюу Фламинго

-“Визгүй аялагчид” шувуу сонирхон судалдаг залуусын клубыг хэрхэн байгуулж байв. Сүүлд хаана шувуу ажигласан бэ?

-Манай клуб нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Матемитик, Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимын дэргэд байгуулагдсан. Анх дөрвөн оюутан сонирхлоороо нэгдэн шувуу ажиглалтаа эхэлсэн. Үүнд: Э. Баасансүрэн, Г. Галхүү, Ж. Намсрай болон миний бие . Намайг анх биологийн хичээлд татан оруулсан хүн бол Мөрөн сумын нэгдүгээр арван жилийн сургуулийн М.Мөрөн багш маань юм. Өнгөрсөн 2018 оны өвөл Сибирээс ирж манай оронд өвөлждөг 10 зүйлийн шувууны 4-6 зүйлийг Сонгины амралтын орчимд харж, ажигласан. Тэдгээр шувуудыг маш ойроос гоё дуу авиа, өнгө зүс, зан төрх, хэрхэн хооллодог гэдгийг анх хараад, нэрийг нь цээжилж, таньж эхэлснээр шувуу ажиглалтад “донтсон” гэж хэлж болно.

Одоо клуб маань өргөжөөд, 20 гаруй гишүүнтэй болсон. Өнгөрсөн долоо хоногт хаврын анхны шувуу ажиглалтаа Сонгины амралт орчимд хийж, шувуудыг бүртгэсэн. Сонгины бургасанд хэсэг ажиглалт хийхэд Нөмрөг тас, Начин шонхор, Хондон ангир, Хон хэрээ зэрэг шувуудыг харсан. Өмнөх жилийн ажиглалттай харьцуулбал энэ жил шувууд эрс багассан байсан. Өвөл орж ирдэг шувууд огт харагдсангүй.

-Шувуу ажиглахад их тэвчээр, цаг хугацаа зарцуулдаг гэж дуулсан. Шувууг үргээхгүй ажиглахад юуг анхаарах вэ?

-Шувуу ажиглалтын үеэр олуулаа явдаггүй. Хэрвээ олуулаа явах юм бол харах шувууны тоо багасдаг. Олуулаа ажиглалт хийвэл дуу чимээ их, шувууд амархан үргэчихдэг. Тийм учраас хол зайтай, ганц хоёроороо салж, ажигладаг. Шувуу ажиглахад өглөө .09-00 цагаас эхлэн ойролцоогоор найман цагийг зарцуулдаг. Ерөнхийдөө ажиглалтын явцад 15-16 км алхдаг.

Миний харж байсан шувуудаас хамгийн сонирхолтой зан характер үзүүлж байсан шувуу бол Шивэр энхэт бялзуухай. Энэ шувуу нь Монголд өвөлждөг 10 зүйлийн нэг. Энэ шувуу энэ жил Сонгины амралт орчимд нэг ч харагдаагүй. Өнгөрсөн 2018 оны өвөл энд тэндгүй Шивэр энхэтбялзуухай харагддаг байсан. Гэтэл энэ жил цас бага орсонтой холбоотойгоор харагдсангүй юу?  эсвэл тэр шувууны иддэг өрөл буюу зэрлэг алим/mallus bacata/ энэ жил муу гарцтай байсан нь нөлөөлсөн байх. Шивэр энхэтбялзуухай их тайван зан харазтертай. Огцом хөдөлгөөн хийхгүйгээр аяархан дөхөхөд тэр бүр үргэж нисээд байдаггүй шувуу л даа. Энэ мэт шувуу ажиглалт хийхэд экологийн боловсрол нэмэгдэж, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгээтэй болдог.

Шивэр энхэтбялзуухай
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж