"Хайр, хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл байдаггүй"

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

"Хайр, хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл байдаггүй"

"Хайр, хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл байдаггүй"

Нөлөөлөгч нэгэнтэй уулзахаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо … тоот хашаанд очлоо. Биднийг очиход тэрбээр гэрэл цацруулан инээсээр угтав. Хашаанд хоёр гэр, бас нэгэн жижиг байшин байгаа харагдлаа. Энэ байшин бол нөлөөлөгч бүсгүйн урлан юм. Ингээд түүний урланд бидний яриа өрнөсөн юм.

Бидний яриа түүний урлан бүтсэн түүхээс эхэллээ. Чингэлтэй дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс өгсөн зөөврийн ажлын байрыг хоёр жилийн гэрээгээр авч, урлан болгосон нь энэ аж. Энд тэрбээр зургаа зурахаас гадна зурах сонирхолтой хүүхдүүдэд зориулан төлбөргүйгээр зургийн дугуйлан хичээллүүлдэг юм.

Түүний зураач болсон түүх тун сонирхолтой юм билээ. Тэрбээр хүүхэд байхдаа дуучин юм уу зураач болно гэж боддог байсан аж. Харин ээж нь түүний эрсдэлийг эртнээс тооцоолж, зураач болохыг зөвлөдөг байсан гэнэ. Гэвч охин өөрийн хүсэл мөрөөдөлдөө шатаж, 2013 онд СУИС-д шалгалт өгөхөөр гитараа үүрээд, тэргэнцэр дээрээ суугаад очсон байна. Шалгалтын багийнхан тэргэнцэртэй хүн дуу хөгжмийн урлагт тохирохгүй гэдгийг шулуухан хэлсэн гэнэ. Угийн шантардаггүй охин уран зургийн ангид тэр дороо бүртгүүлж, шалгалтдаа тэнцээд СУИС-ийн ДДУС-ийн зургийн ангид орсон байна.

Уран зургийн ангид суралцах явцдаа уран зургаар “дуулж” болдог, өнгө бүр ноот шиг өөрийн гэсэн хөг аялгуутай гэдгийг мэдэрч, зураач мэргэжилдээ улам дурлажээ.

Түүний хувьд их сургуульд дөрвөн жил суралцах амар байгаагүй нь ойлгомжтой.  Тэр бусдаас их хөдөлмөрөөр, түүнээс их үнэ цэнээр, бүр их хүчээр, өөр замаар, илүү хүчирхэг сэтгэлээр сургуульдаа ирж, очиж, суралцсаны үр дүнд 2017 онд  их сургуулиа төгсч, мэргэжлийн зураач болсон юм.

20 ГАРУЙ НАСАНДАА СУРГУУЛЬД ОРСОН

Түүнээс өмнө сургуульд сурахын тулд олон хаалттай хаалгатай нүүр тулж байсан аж. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын бараг бүх сургуулиар орж, суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч түүнийг авах сургууль олдоогүй байна. Гэвч түүний сурах хүсэл унтарсангүй. Мятралгүй явсны эцэст 20 гаруй настай байх үед нь түүнийг ганц л сургууль хүлээж авсан нь 25 дугаар сургууль аж. Түүнээс өмнө өөрөө бие даан бичиг үсэг сурсан бөгөөд тус сургуулийн есдүгээр ангид сурсан гэнэ. Нэг сар сурсны эцэст хоёр давхарт нь байрлах “Ажилчин залуучуудын ээлжит сургууль”-д сурчээ. Ингээд дараа жил нь их сургуульд элссэн байна.

СУИС-ИЙГ НАЛУУ ТАВАН ЗАМТАЙ, ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНД ЗОРИУЛСАН “00”-ТОЙ БОЛГОСОН БАЙНА

Тэрбээр гитар тоглох, оёж шидэх, уншиж, бичиж сурахаас эхлээд олон зүйлийг бие дааж сурсан. Гэлээ ч түүнд сургуульд сурах чин хүсэл байсан ч, олон хаалга хаалттай байсан. Ч.Тунгалагтуяа өөрийн хүчээр энэ бүхэнтэй тэмцэлдэж, зүтгэсний дүнд мэргэжилтэй болж, тодорхой амжилтад хүрсэн юм. Гэвч одоог болтол олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мөрөөдөл цоожтой хэвээр байгаад сэтгэл зовнин тэдний төлөө чадах бүхнээ хийж яваа нэгэн юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүдийг тэгш хамруулан дугүйлан хичээллүүлдэг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ч бусадтай мөр зэрэгцэн сурах боломж бий гэдгийг нийгэмд ойлгуулж, нийгмийн хандлагыг өөрчлөхийг зорьдог байна.

Мөн оюутан байхдаа их сургууль дээрээ “Нөлөөллийн төсөл” хэрэгжүүлсний үр дүнд СУИС-ийг налуу таван замтай, тэргэнцэртэй иргэнд зориулсан хоёр “00”-той болгосон байна.

СУРАЛЦАХ ХҮСЛЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЖЭЭ

Ч.Тунгалагтуяа нь суралцах хүслээ ч нэр төртэйгөөр биелүүлж чадсаныг нь гэрчлэх өргөмжлөл, медалийг урлангийнхаа нэг буланд байрлуулсан байлаа. Тухайлбал суралцах хугацаандаа тэргүүний сурагч, мөн “Тэргүүний оюутан”, Монголын оюутны холбооны “Манлайлагч оюутан”, Олон улсын ур чадварын олимпоос тусгай байр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Хөдөлмөрийн яамны жуух бичиг зэрэг боломжтой бүх шагнал урамшууллыг авсан юм билээ. Бас болоогүй ээ, оюутан байх хугацаандаа тэтгэлэгт хамрагдаад түүгээрээ машинтай болсон юм билээ. Одоо харин хөгжлийн бэрхшээлтэйгээс суралцаж чадахгүй байгаа байдлыг өөрчилж, нийгэмд нөлөөлөх ажил хийж яваа тул түүнийг нөөлөгч хэмээн нэрлэсэн юм.

Өөрийгөө байнга хөгжүүлж, олон зүйл сонирхдог тэрбээр сүүлийн зургаан сар туялзуур сэлмээр хичээллэж байгаа юм билээ. Эхний удаад өөрөө хичээллээд яваандаа бусдад тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туялзуур сэлмийн спортыг заах зорилготой аж.

ХАЙР, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БАЙДАГГҮЙ

Тэрбээр ой найман сартайдаа полиомиелет хэмээх өвчнөөр өвчилснөөр тэргэнцэртэй болсон ажээ. Гэхдээ түүний тодорхойлж байгаагаар хөгжлийн бэрхшээл гэдэг нь хөгжихгүй, байрандаа байгаад л байгаа зүйл аж. Харин хайр, хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл байдаггүй гэж ярих дуртай юм билээ. Түүний дотор ариун хайртай учрах хүсэл бий нь урлангийн хананд өлгөсөн халуухан эмэгтэйн зурагнаас илт мэдрэгдэж байлаа.

Биднийг ярилцаж эхлэхэд хурц гэрэлтэй байсан нарны туяа ягаан өнгөөр туяарах нь нар жаргаж буйг илтгэнэ. Ингээд  нар жаргахтай зэрэгцэн бидний яриа өндөрлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж