Хавдрын эмч нар дөрөвхөн өрөөнд жилд 2600 хагалгаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Хавдрын эмч нар дөрөвхөн өрөөнд жилд 2600 хагалгаа хийж байна

Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Тэр дундаа элэгний хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй. Зөвхөн 2018 оны байдлаар хорт хавдрын 6073  шинэ тохиолдол бүртгэгдсэний 3070 нь эрэгтэй, 3003 нь эмэгтэйчүүд байжээ. Шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын 60 хувь нь оношлогдсоноос хойш нэг жилийн дотор нас барж байна.  Өөрөөр хэлбэл, хавдрын тохиолдлын 76,6 хувь нь хожуу үедээ анх удаа оношлогдож байгаа нь нас баралт өндөр байх гол шалтгаан болж буй юм.

Салбарын яам нь уг өвчнийг эрт оношлох, хавдрын эмчилгээг дотооддоо эмчлэх зэрэг олон арга хэмжээ авч байгаа ч тулгамдаж буй асуудалтай танилцахаар УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол болон байнгын хорооны гишүүд өчигдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д ажиллав.

ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ, ЭМЧЛҮҮЛЭХ ГЭЖ 14 ХОНОГООС НЭГ САР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХҮЛЭЭЖ БАЙНА

Хорд хавдар бол цаг минутаар өвчтөний эд эрхтнийг “идэж” байдаг. Тиймээс цаг алдалгүй эмчилгээ хийлгэж, шаардлагатай бол хагалгаа хийх зэрэг арга хэмжээ авах ёстой. Гэвч хавдрын өвчлөл нэмэгдсэн, эмнэлэгт хандах хүмүүсийн тоо олширсон учраас өвчтөнүүд эмчилгээ хийлгэх, хагалгаанд орох гэж хамгийн багадаа 14 хоног дугаарлаж байгаа бол ихдээ нэг сар хүртэлх хугацаанд дугаарладаг байна.

Сүүлийн жилүүдэд тус төвөөр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, зөвхөн 2018 онд 93 мянган хүн үйлчлүүлж, 12200 хүн хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 2646 хүнд хагалгаа хийсэн бол 5600 гаруй өвчтөн хими эмчилгээ, 600 гаруй хүнд туяа эмчилгээ хийжээ.

Эмч нар нь илүү цагаар ажиллаж, шаардлагатай хагалгааг хийж байгаа ч эмнэлгийн ор, өрөөний хүрэлцээ муутайгаас өвчтөнүүд олон хоног дугаарлаж, хүлээгдэж байгааг тус төвийн эмч нар хэлж байлаа. ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэнгийн хэлснээр тус төвд нийт хагалгаа хийдэг дөрөвхөн өрөө байдаг гэнэ. Хагалгааны дөрвөн өрөөнд өдөрт 36 хагалгаа хийж байгаа ч ачааллаа дийлдэггүй гэдгийг гишүүдэд учирласан. Мөн үйлчлүүлэгчдийн тоо 2007 онтой харьцуулахад 256  хувиар нэмэгджээ. 2014 онтой харьцуулахад мэс засал хийлгэхээр хүлээгдэж байгаа хүмүүсийн тоо 1,9 дахин нэмэгдсэн байна. ХСҮТ нь өнөөдрийн байдлаар жилд дунджаар 2600 гаруй хагалгаа хийдэг бөгөөд үүнээс ч олон хагалгаа хийж, хавдрыг эрт үед нь оношилж, эмчлэх бүрэн боломжтой гэнэ. Одоо иргэд хавдраа гадаадад очиж эмчлүүлэхээс илүү эх орондоо ижил түвшний эмчилгээ, хагалгааг хийлгэх боломжтой болсон. Энэ нь ачаалал нэмэгдэхэд нөлөөлсөн байж болзошгүй юм байна. Тус төв дэлхийн аль ч улсад хийгдэж буй хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслыг хийдэг болсон байна.

ДӨРВӨН ӨРӨӨНД  ЖИЛД 2646 ХАГАЛГАА ХИЙЖ БАЙНА

Ачааллыг бууруулах хамгийн чухал асуудлын нэг нь барилгын өргөтөл болон орны хүрэлцээг нэмэгдүүлэх гэдгийг эмч нар хэлж байлаа. Сүүлийн 12 жилийн хугацаанд эмнэлгийн ор ердөө 38-аар л нэмэгджээ. Гэвч өвчтөнүүдийнх нь тоо үүнээс хэд дахин нэмэгдэж, зарим эмч нар өрөөгүй ажиллаж байгааг ч учирласан юм. Цаашид ачааллыг бууруулах, өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд ямар арга хэмжээ авах боломжтой талаар ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл эрхэлсэн дэд захирал Л.БАЯРСАЙХАН:

Хавдар судлалын үндэсний төвийн барилга 1998 онд ашиглалтад орсон.  Өнөөдрийн байдлаар эмнэлэг маань дээд зэргийн ачаалалтай,  мэс заслын эмч нар илүү цагаар ажиллаад ч өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээг бүрэн гүйцэд хүргэж чадахгүй байна. Жилд 2600 гаруй хагалгааг ердөө дөрөвхөн өрөөнд л хийж байна.  Гэтэл өвчтөнүүд бүтэн нэг сар хүтэлх хугацаанд хүлээж байгаа нь  хорт хавдар нь хүндрэх, магадгүй зарим тохиолдолд мэс засал хожимдох ч эрсдэл үүсч болно. Хамгийн сүүлд эмнэлгийн өргөтгөлийг найман жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн боловч эмнэлгийн зориулалттай бус учраас мэс заслын өрөөг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн дарааллыг багасгах боломж  бүрдсэнгүй. Бидэнд мэс засал хийх байр,  өрөө шаардлагатай байна.

Ганцхан жишээ хэлэхэд ОХУ-ын Эрхүү хотын хүн ам цөөхөн ч зөвхөн хавдрын мэс заслын ор нь 27 байдаг бол мэс заслын дараах ор нь 60 байдаг. Харин манай ХСҮТ-д мэс заслын дөрөв, мэс заслын дараах зургаан ортойгоор 100 мянга гаруй иргэдэд үйлчилж байна. Монгол Улсад жилд дунджаар 4400 орчим иргэн нас барж байгаагийн 20 хувь нь хавдрын өвчлөлөөс болж нас бардаг.  Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгоход байрны хүрэлцээ дутмаг байгаа нь гол бэрхшээл болж байна. Энэ нь өвчтөнүүд олон хоногоор хүлээх гол шалтгаан болдог аж.

УИХ-ЫН ГИШҮҮН, НББСШУ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОЮУНХОРОЛ:

-ХСҮТ-ийн эмч нар, эмч нарын баг, элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээг маш сайн хийдэг эмнэлгийн үйл ажиллагаа сайжирсан байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд оношлогоог эрт илрүүлэх ажлыг маш сайн хийж чадсан байна. Цаашид хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, оношлогоог хийх зэрэг боломжуудад хөрөнгө санхүүжилтийг нь нэмэгдүүлэхэд Засгийн газар ажиллах шаардлага байна. Хавдрын эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээг маш сайн хийдэг ч мэс заслын дараах эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд урт хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг юм байна. Үүнд зориулсан төрийн бодлого хэрэгжиж чадахгүй байгаа, байрны асуудлыг шийдэх  ёстой. Эмнэлэг анх 1982 онд ашиглалтад орсноос хойш өнөөдөр үйлчлүүлэгчдийн тоо 18 дахин нэмэгджээ. Гэтэл барилга, байгууламжийн багтаамж  нь тэлээгүй, нэмэгдээгүй байгаа нь үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх боломжгүйд хүргэж байгаа тухай эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэн бүхэн хэлж байна. 15-30 хоног хүлээнэ гэдэг нь үхэлтэй тэмцэж байгаа хүний хувьд маш урт хугацаа. Тиймээс энэ чиглэлд бид онцгой анхаарч, Монголын ард түмний төлөө  эмнэлгийн барилгыг сайжруулах, өргөтгөх, багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой гэдэг шаардлагыг төрийн бүх удирдах байгууллагад хүргүүлж, эцсийн шийдвэр гарч, үр дүнд хүртэл нь ажиллах болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж