Сураг ажиг: Хуулийн байгууллагын удирдлагад горилогчид

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Хуулийн байгууллагын удирдлагад горилогчид

Сураг ажиг: Хуулийн байгууллагын удирдлагад горилогчид

УИХ-ын ээлжит бус чуулганаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу зарим хуулийн байгууллагын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах тухай хуулийн төсөл баталсны дараа Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, прокурорын орлогч нарыг чөлөөлсөн. Тэгвэл энэ өдрүүдэд дээрх хуулийн байгууллагын удирдлагад хэнийг томилох вэ гэдэг нь улс төрийн хүрээнд яригдаж буй гол асуудлын нэг болоод байна.


УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ “ТОМИЛНО”

Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилуулахаар АТГ-т ашиг сонирхлын зөрчлийг нь шалгуулахаар нэрийг нь хүргүүлээд байна. Б.Жаргалсайханы хувьд Улсын Ерөнхий прокурорт прокурорын туслах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр өмнө нь Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн одоогийн албанд томилогджээ.

Улсын ерөнхий прокурор, прокурорын орлогчид нэр дэвшигчид

Харин прокурорын орлогчид Ш.Эрдэнэбилэг, Э.Амарбат нарын нэрс яригдаж байна. Тэд прокурорын байгууллагад ажилладаг бөгөөд орлогчоор томилогдох шаардлагуудыг хангаж буй аж.

Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг гэж хүнийг томилуулахаар саналаа илэрхийлсэн. Прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-тай зөвшилцөх ёстой бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх юм. Ш.Эрдэнэбилэгийн хувьд 14 орчим жил прокуророор ажилласан, Дорнод, Булган аймгуудад ч мөн ажиллажээ. Тодруулбал, 2010 он хүртэл Дорнод аймгийн прокуророор ажиллаж байгаад 2012-2014 онуудад Булган аймгийн прокуророор ажиллаж, 2014 онд Дүүргийн II прокурорын газарт шилжин иржээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Эрдэнэбилэгийг прокурорын орлогчоор, Э.Амарбатыг Нийслэлийн прокурорын удирдлагад яригдаж байгаа гэх яриа ч улс төрийн хүрээнд яригдаж  байна. Э.Амарбатын хувьд 2002 онд УПЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд даргаар ажиллаж байгаад 2007 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдсон. Арваад жил АТГ-ын  гол хэлтсийг ахлан олон ноцтой гэмт хэрэг дээр ажилласан юм. Гэвч өөрийн хүсэлтээр АТГ-ын мөрдөн шалгах албанаасаа гарч дахин  прокурортоо ажиллах болсон байна. 2016 оноос Улсын прокурорын ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Харин одоо Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙГ ЕРӨХИЙЛӨГЧ ДЭМЖИХ ҮҮ?

Улсын дээд шүүхийн шүүгч нар өчигдөр хуралдаж, Ерөнхий шүүгчид тус шүүхийн шүүгч Д.Ганзоригийн нэрийг олонхийн саналаар нэр дэвшүүлсэн байна. Шүүгчид энэхүү саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд Төрийн тэргүүн зарлиг гаргах эсэхээ шийдэх юм. Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын шүүгчээр ажилладаг. Мөн Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож, 2016 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-р шагнагдсан нэгэн юм.

Ерөнхий шүүгчид яригдаж буй хүмүүс

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчдийн санал болгосон нэр дэвшигчийг томилохгүй байх, татгалзах эрх нь Ерөнхийлөгчид бий. Тодруулбал, тус хуулийн 15.2 "Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлах үзэж, томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг нь гаргана гэж заажээ. Тэгвэл Д.Ганзоригоос гадна  улс төрийн хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Б.Батцэрэнгийн нэр яригдаж байгаа юм. Б.Батцэрэн нь одоо Улсын дээд шүүхийн шүүгчээр ажилладаг бөгөөд шүүгчийн туслах, шүүхийн шүүгч, 2006-2011 онд нийслэлийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, 2013 оноос өнөөг хүртэл Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгч Ерөнхий шүүгчийг томилохоос татгалзах эрхтэй. Тиймээс Улсын дээд шүүхийн шүүгч нарын саналыг харж үзэж, зарлигаа гаргах уу эсвэл татгалзах уу гэдэг анхаарал татаж байгаа юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлигийг гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан. Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авсан билээ.

С.ГАНБАТ, З.ДАШДАВАА НАР АТГ-ЫН УДИРДЛАГАД ЯРИГДАЖ БАЙНА

Ерөнхийлөгчийн хамгийн их “хүсэмжилсэн” албан тушаал бол АТГ-ын дарга, дэд даргын албан тушаал. Хоёронтоо тус байгууллагын удирдлагыг солих, оронд нь томилох хүмүүсийн нэрсийг ч  УИХ-д хүргүүлж байсан билээ. Гэвч өөрийнхөө дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийг буцаан татаж өөр хүмүүсийг шинээр томилохоор зэхэж буй.

Улс төрийн хөшигний ард АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа, Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа С.Ганбат зэрэг хэд хэдэн хүмүүсийн нэрс яригдах болсон. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр АТГ-ын даргад С.Ганбат, дэд даргад З.Дашдаваа нарыг томилохоор тохиролцсон гэх мэдээлэл байна. С.Ганбатыг Ерөнхийлөгч санал болгосон бөгөөд 2017 оны есдүгээр сард Дотоодын цэргийн штабын даргаар томилогдож байсан юм. Тэрбээр өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга,  Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консул зэрэг албыг хашиж байжээ.

АТГ-ын дарга, дэд даргад яригдаж буй хүмүүс

З.Дашдавааг Ерөнхий сайд АТГ-ын дэд даргад санал болгож байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр Хэнтий аймгийн гаралтай, Хэнтий, Говь-Алтай аймагт эрүүгийн төлөөлөгч, тасгийн дарга, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт эрүүгийн төлөөлөгч, тасгийн дарга, 2008-2014 онд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байгаад Хууль сахиулах их сургуульд Цагдаагийн сургуулийн захирлаар гурван жил ажилласан. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын дэд даргаар томилогдсон юм.

Хуулийн байгууллагын удирдлагуудыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэхээр яригдаж байгаа бөгөөд хаврын чуулганыг маргааш  нээнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж