Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар тодорхой мэдээлэл одоогоор алга

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар тодорхой мэдээлэл одоогоор алга

Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар тодорхой мэдээлэл одоогоор алга

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Гадаад харилцааны яамыг онцолж байна.


Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчинг бүрдүүлэхэд оршино. Энэ утгаараа  хоёр хөрш болон бусад  улс орнуудтай бодит харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвхийлэн оролцох зэрэг гадаад харилцааны салбарын стратегийн зорилтыг хангах нь салбарын сайдын гол үүрэг.

Тус яамны сайд  Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань, Худалдааны сайд Жун Шань нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Хойд хөршийн тухайд энэ жил Монгол Улс, ОХУ-ын түүхэн харилцааны нэгээхэн хэсэг болсон Халх голын байлдааны 80 жилийн ой болно. Ялалтын тэгш энэхүү ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам өндөр ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулж, даргаар нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар томилогдоод ажиллаж байна. Мөн зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөөний дагуу  ажиллаж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны аравдугаар сард Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн билээ.

Хоёр улсын хамтран зохион байгуулж буй уг түүхэн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд ирэх талаар хэвлэлүүдээр бичих болсон.

Одоогоор албан ёсны айлчлалын тов гараагүй ч эх сурвалжуудын хэлж байгаагаар ирэх нь тодорхой байгаа юм. Владимир Путин таван жилийн өмнө буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар 2014 оны есдүгээр сард Монгол улсад айлчилсан.

Энэ айлчлал Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулагдсан ч энэ үеэр хоёр улс нэлээдгүй салбарт хамтран ажиллахаар 15 хэлэлцээр, протокол, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь айлчлалын өндөр ач холбогдол, агуулгыг илтгэн харуулж байгаа юм. Цаашлаад хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг тухайн үед гадна, дотоодын хэвлэлүүд онцлон дүгнэж байв.

Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй сайн харилцаатай. Харин эдийн засгийн харилцаа сул гэж дүгнэж болно. Энэ удаагийн айлчлалаар талууд ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй ч дэд бүтцийн асуудлуудад илүүтэй анхаарах болов уу. Тухайлбал, хамтарсан төмөр замаа шинэчлэх, коридорыг нь өргөтгөх, эрчим хүчний хамтын ажиллагаа, дэд бүтцийн асуудлууд бий. Ерөнхийлөгч Х.Баттулга экспортын бүтээгдэхүүний асуудалд анхаарал хандуулж ирсэн. Өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс шир зэргээ манай улс ОХУ руу хангалттай экспортолж чадахгүй байгаа. Үүнийг хоёр тал хэрхэн шийдэх гарцыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нухацтай ярилцах байх гэсэн хүлээлт байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга  Орос, Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн зорилт тавьсан. Товчхондоо Монгол, Оросын харилцааны хэтийн чиг хандлагыг тодорхойлсон яриа хэлэлцээ болох болов уу.

ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасараас  уг асуудлаар тодруулахад тэрбээр  “Айлчлалтай холбоотой мэдээлэл одоогоор өгөх боломжгүй. Албан ёсны мэдээлэл нь гараагүй байна” гэсэн тайлбарыг өгөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж