ОХУ-ын Аюулгүйн алба (ФСБ) өнгөрсөн долоо хоногт экс сайд Михаил Абизовыг хууль бус аргаар мөнгө олсон хэргээр баривчилжээ. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөрдөн шалгагдаж буй хоёр дахь сайд болохыг Следком мөрдөн шалгах хорооноос мэдээлэв. Өмнө нь 2017 онд экс Алексей Улюкаевыг хоёр сая ам.долларын авлига авсан хэргээр найман жил шоронд хорих ял оноожээ.
Михаил Абизовыг гадаадаас эх орондоо ирмэгц баривчилжээ. Тэрбээр өнгөрсөн онд суудлаасаа бууснаас хойш АНУ болон Италид амьдарсан. 2015 оны байдлаар ОХУ-ын засгийн газарт хамгийн өндөр цалинтай хүн байсан хэдий ч суудлаасаа буух үед хөрөнгийн хэмжээ нь 600 сая ам.долларт хүрснийг “Forbes” сэтгүүлд мэдээлжээ. Михаил Абизов нь 2012 оны үед ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хооронд Нээлттэй төрийн хэргийн яамны сайдаар ажиллаж байжээ. Тус яамыг 2018 онд татан буулгасан аж.
Михаил Абизовын хэрэгт өөр таван хүнийг баривчлан бүлэглэн 62 сая ам.долларыг эрчим хүч нийлүүлэх компаниас шамшигдуулсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Тус компани нь ОХУ-ын Новосибирск муж болон Сибирийн Алтайн бүс нутгийг эрчим хүчээр хангах үйл ажиллагаа явуулдаг байна. Сэжигтнүүд мөнгөө Михаил Абизовын нэр дээрх гадаад улс дахь оффшор данс руу шилжүүлдэг аж. Өдгөө 46 настай Михаил Абизов нь энэ хэрэгт 20 жил хүртэл шоронд хорих ял сонсож магадгүй байна.
Улс төрийн шинжээч Татьяна Становаяагийн үзэж буйгаар ОХУ-д өрнөж буй авлига, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэл нь улс төрийн зорилго агуулгатай гэнэ. Өнгөрсөн онд гэхэд ОХУ-д 1300 гаруй төрийн албан хаагч авлигын хэрэгт сэжиглэгдэн ажлаасаа халагджээ. Мөн Михаил Абизовыг баривчилсан нь бизнесийн хүрээнийхний ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэж харах хүмүүс олон байгаа аж. Михаил Абизов нь нөлөө бүхий хүмүүст хүрэх зам нь болдог байжээ. Тэрбээр ОХУ-ын хувийн хөрөнгө оруулалтын “Alfa Group” группт 500 сая ам.долларын өртэй аж. Түүнийг баривчилсан нь зээлдэгч нарын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй гэж ерөнхий сайд Дмитрий Медведев телевизийн ярилцлагын үеэр ярьжээ. Дмитрий Медведев түүнийг 2012 онд илт тод байдлын дотоод зөвлөгч байлгах үүднээс сайдын суудалд суулгасан байв. Гэтэл одоо ерөнхий сайд Дмитрий Медведев багтаа ажиллаж байсан Михаил Абизовоос зайгаа барих болсон нь ерөнхий сайдын хувьд онцгүй үйлдэл гэдгийг улс төрийн шинжээч Татьяна Становаяа мэдэгджээ. Гэхдээ энэ баривчилгаа нь Дмитрий Медведевийн эсрэг чиглэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй аж. Тухайлбал, жилийн өмнө Дмитрий Медведевтэй ойрын холбоотой тэрбумтан бизнесмен Зиявудин Магомедовыг баривчилжээ.
Холбоотой мэдээ