Д.Номин-Эрдэнэд их мастер, С.Отгонжаргалд ОУМ цол олголоо

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Д.Номин-Эрдэнэд их мастер, С.Отгонжаргалд ОУМ цол олголоо

БНХАУ-ын Ченду хотноо дөрөвдүгээр сарын 26-29-нд болсон Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн 2015 оны анхны хуралдаан боллоо. Тус хурлаар манай улсын шатарчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэд эмэгтэйчүүдийн их мастер мастер, Сэнгэравдангийн Отгонжаргалд эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг албан ёсоор олгосноо зарласан байна.

Шинэ оны эхээр Унгарын Кечкемет хотноо зохиогдсон “Нappy New Year” олон улсын тэмцээнд оролцсон манай шатарчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ эмэгтэйчүүдийн их мастер цолны гурав дахь нормоо биелүүлжээ. Тэрээр 12 өрөг тоглосоноос тав хожиж, зургаа тэнцсэн амжилтаар рейтингээ +40 орчмоор нэмсэн бөгөөд түүний цолыг албан ёсоор зарласан байна.

Д.Номин-Эрдэний хувьд өдгөө Унгар улсад амьдарч байгаа бөгөөд 15 настайдаа эмэгтэйчүүдийн их мастер цолыг хүртэж байна.

Тэрбээр Монголын эмэгтэй шатарчдаас их мастер цол хүртсэн дөрөв дэх шатарчин болж байгаа бөгөөд Б.Мөнгөнтуул 2003, Т.Батчимэг 2009, А.Энхтуул 2014 онд энэ цолонд хүрч байжээ. Эдгээрээс Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг хүртээд байгаа билээ.

Д.Номин-Эрдэнэ 10 настайдаа Ази тивийн болон Дэлхийн аварга цолыг нэг жилд дараалан хүртэж байсан юм. Тэрээр 2010 оны долдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний охидын 10 насны ангилалд өрсөлдөж, есөн тойргийн тоглолтоос долоон оноо авснаар Ази тивийн аварга болж байсан юм. Мөн оны аравдугаар сард Грекийн Порто Каррас хотноо болсон өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 10 насны ангилалд түрүүлсэн. Энэ насанд нийт 107 хүүхэд өрсөлдсөнөөс манай тамирчин чансаагаараа тавдугаарт эрэмбэлэгдэн 11 өргөөс есөн оноо авч өөрийн ангилалдаа түрүүлж, Монгол Улсаас төрсөн анхны өсвөрийн дэлхийн аварга шатарчин болж байсан юм.

Таван жилийн өмнө аравхан настай бяцхан шатарчин охин нэг жилд Ази тивийн болон Дэлхийн аварга цолыг дараалан хүртэж байсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийн их мастер цолонд хүрч чадлаа.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж