ХӨЛ-Бидний тулгуур эрхтэн. Хөлийн уланд олон тооны мэдрэлийн цэгүүд байрладаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Ажил, гэр, гадаа гэлтгүй үргэлж л бидний хөлөнд ачаалал ирдэг харин та тэр ачааллаас биед үүсэж болох эрсдэлийг мэдэх үү. Удаан хугацаанд зогсох эсвэл алхахад хөлийн өлмийд бус өсгийд ачаалал илүүтэй ирж, өвдөж эхэлдгийг та урьд нь анзаарч байв уу.
Алхахад хөлийн өсгий хамгийн түрүүн газар хүрч ачааллыг авдаг байна. Харин ядарсан үед хүн рефлексээрээ өвдөлт өгч буй хэсгийг хөндүүрлүүлэхгүйн тулд хамгаалж буруу гишгэж эхэлдэг байна. Нэг үгээр хэлбэл хазганаж эхэлдэг. Биеийн жингийн зөв хуваарилалт ийнхүү алдагдсанаар түнх цаашлаад нуруунд өвдөлт өгдөг байна. Өсгий төдийгүй хөлийн хуруунууд алхахад тэнцвэрийн чухал үүрэг гүйцэтгэдэг ба төдий хэмжээний ачаалал ирдэг байна.
2005 онд Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн “Залуу болон ахимаг насны хүмүүсийн хөлийн уланд ирэх ачаалал”-ын тухай хийсэн судалгаагаар хөлийн улны хэсгүүдэд ачаалал ямар хэмжээгээр ирж байгааг дараах зургаар харуулжээ.
Нөгөөтэйгүүр тогтмол хөлийн улыг даган байрлах мэдрэлийн цэгүүдийг массажлаж амраах нь ирээдүйн эрүүл мэнддээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болно.
Хялбар бөгөөд багахан хугацаанд их амраах массажийг хүргэе.
- Халуун бүлээн усанд хүнсний сод болон жамц давс хийж уусган бэлдээрэй.
- Хөлөө усандаа дүрэн 15-20 минут байлгаарай.
- Усыг нь арчин алчуурандаа 5 минут амраагаарай. Ингээд массажны өмнөх бэлтгэл маань дуусна.
- Массажлах үедээ царцдаггүй, сайн шингэдэг тос ашиглан хуруу үзүүрээс эхлэн бага зэргийн даралттай түрхэнэ.
- Гарын хуруунуудыг хагас нугалан хөлийн улны үзүүрээс өсгий хүртэл даралттайгаар самнана. Хөл тус бүр дээр 3-5 удаа давтаарай.
- Хөлийн хуруунуудыг үе бүрийн имрэх маягаар массажлаарай. Хөлийн хуруу бүрийн үе бүр дээр 3-5 удаа давтаарай.
- Одоо өсгийний хоёр хажуу тал буюу шагайны доод хэсгийг даралттайгаар урагш хойш илээрэй. Мөн адил тус бүр дээр 3-5 удаа давтаарай.
Энэхүү массаж нь богино хугацаанд маш хялбархан хийх боломжтой. Уг массажийг тогтмол хийснээр 1 сарын дараанаас шөнө нойр сайн авах, өглөөд толгой сэргэг сэрэх зэрэг эерэг үр дүнгүүд гарч эхэлнэ.
Холбоотой мэдээ