Ч.Сайханбилэг: Татвар нэмэхгүй, буулгахгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Татвар нэмэхгүй, буулгахгүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Татварын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганд мэдээлэл хийсэн юм. Энэхүү мэдээлэлдээ “Татварын хувь хэмжээг нэмэхгүй, бас буулгахгүй.

Харин 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалттай хуулийг УИХ-аар батлуулна. Аж ахуйн нэгжүүдийн дунд Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд УИХ-аар батлагдахыг хүлээж, татвараа төлөхгүй байгаа тухай дуулдаж байгаа. Ингэж битгий хүлээ, татвараа төлөөд яв” гэдгийг энэ үеэр хэллээ.

Шийдлийн Засгийн газрын хувьд татварыг шинэчлэх хүрээнд дараах ажлыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, далд эдийн засгийг ил болгоно. Иргэн төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр авна. Хуулийг ижил тэгш үйлчлүүлнэ. Монгол Улс 25 улстай давхар татварын хэлэлцээ байгуулсны дийлэнх нь 2000 оноос өмнө хийгдсэн байна. Шилжилтийн эдийн засгийн үед хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан давхар татварын хэлэлцээг өнөөдөр шинэчлэх шаардлагатай болсон аж.

Мөн уул уурхайн татварын орчинг тодорхой болгох шаардлагатай юм байна. Тиймээс Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг цэгцэлнэ. Ингэхдээ уул уурхайн татварыг нэмэгдүүлэхгүй. Бизнес эрхлэгчийн харилцаа дотоодод төдийгүй гадаадад үүсэн өргөжиж байна. Энэ нь цахимаар зохицуулагдаж байгаа. Тиймээс энэ асуудлаар хууль тусгана. Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл мэдээллээр зохицуулагдана.

Татварын маргаан таслах асуудлыг нэг шатлалтай болгоно. Татварын хариуцлага, торгуулийн харилцааг шинэчлэх цаг болсон. Татвараа нуун дарагдуулсан этгээдэд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүй этгээдээс бага хариуцлага ногдуулж байна.  Зүй бус энэ харилцааг зохицуулна. Татварын тогтолцоо нь улс орны хөгжил, хувь хүний өмчийг хамгаалаад зогсохгүй нийгмийн өмчийн тусгал байх ёстой гэсэн юм.

Татварын ерөнхий газрын даргын өгч байгаа мэдээллээр татварын орлого төвлөрүүлэлт эрс буурсан байна. Татвар төлөгчдийн тодорхой хувь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, валютын ханшийн өсөлтөөс болж, үндсэн гэрээгээр хийж байгаа ажлууд нь өссөн нь татварын орлого төвлөрүүлэлтэд бэрхшээл тулж буй юм байна.


 

16.30 цаг

 

4000 аж ахуйн нэгж татварын 98.4 хувийг бүрдүүлдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын шинэчлэлтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

Сангийн сайдын тайлбараар бол татварын орлогын 98.4 хувийг 4000 аж ахуйн нэгж төвлөрүүлдэг бол үлдсэн 1.6 хувийг 51 мянган аж ахуйн нэгж бүрдүүлдэг аж. Тэгвэл Сангийн дэд сайдын тайлбараар НӨАТ-ын босгыг хэт өндөрлөх нь сөрөг нөлөөтэй. Олон орны татварыг судалж, Монголын нөхцлийг авч үзэхэд НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөр тогтоох нь хамгийн боломжтой аж. Үүнээс дээш гарсан нөхцөлд татварын зүгээс тавих хяналт хүрэхгүй болно, мөн үр нөлөөгөө ч алдах аж.

 

Татварын асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Үе, үеийн Засгийн газар татварын бодлогоо өөрчилдөг ч төгс болгож чаддаггүй.

Хөдөөгийн иргэд үнэтэй бараа хэрэглэж, зарим үед эрүүл мэндийн тусламж авч чадалгүй амиа алдаж байна.

Улаанбаатар хотын хүн ам жилдээ 30-40 мянгаар өсдөг нь хоёр аймаг байхгүй болж байна гэсэн үг. Нийслэлд нефтийн үнэ 1 литр нь 1660 төгрөгийн үнэтэй байхад орон нутагт 1880 төгрөг буюу 220 төгрөгийн зөрүүтэй. Бусад улс орнууд нийслэлээс алслах тусмаа бензины үнэ буурах юм уу, ижил төвшинд байдаг.

Ийм зохицуулалт орон нутагт хэрэгтэй байна. Хоёрдугаарт, орон нутагт ажлын байр байдаггүй, үйлдвэр байгуулбал 50 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг болоход анхаараач ээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.8 буюу  Азид тэргүүлж байгаа хэрнээ хямраад байгааг юу гэж ойлгож байна вэ. Энэ чинь уул уурхайн томоохон гэрээ хийхдээ хэт хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой юм биш үү. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр зэсийн борлуулалтаасаа 17 хувийн татвар, Оюутолгой компани 5 хувийн татвар төлж байна. Ийм гэнэтийн хөнгөлөлтийг эдлүүлж болохгүй, анхаараач ээ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Алслагдсан бүс нутгаа дэмжих бодлого бүх Засгийн газарт байсан. Хөрөнгө оруулалтын тухай хуульд тогтворжуулалтын гэрчилгээ нийслэлд 1 өөр, орон нутагт нэг өөр. Дээр нь бид нэр бүхий татварын орлогын ахиу хувийг орон нутагт үлдээхээр татварын хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн, УИХ-аар хэлэлцэж байна. Араас нь дахиад ч хуулиуд өргөн мэдүүлнэ, дэмжээд өгөөрэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт эдлүүлэх нэр бүхий хуулийн төслийг УИХ-ын 10-н гишүүн өргөн мэдүүлсэн. Уул уурхай, архи, тамхи, үүрэн холбооны бизнесийг оруулахгүйгээр. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж өгөөч ээ. Хууль батлагдвал орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, иргэд ажлын байртай болно.

Хоёрдугаарт, НӨАТ-тай холбоотой. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлснээр 0-100 сая төгрөгийн орлого олдог аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа эрхлэх боломж нь хангагдана. Дээр нь татварын хяналт шалгалт, дарамтаа цэгцэлье.

 

Татварын ерөнхий газрын дарга н.Ариунсанаа:

-Татварын төвшинд хяналт шалгалт өргөн болсон байна лээ.  Ажил аваад хяналт шалгалт хийж байгаа татварын байцаагч нарын тоог 50 хувь бууруулсан. Цаашдаа хяналт шалгалтын журамдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сүүлийн гурван жил ажилласан татварын ерөнхий хуулийн шинэчилсэн төслийг Засгийн газарт өгөх нь зөв юм гээд өгсөн. Тэдгээр хуулийн төслүүдтэй таны ярьсан төслүүдийг нийлүүлээд өргөн баръя. Ер нь татвартай холбоотой асуудлаар нэг долгион дээр ажиллах шаардлага бий. НӨАТ-ын босготой холбоотой асуудал дээр бусад орнуудынхтай харьцуулсан судалгаа хийхээр 50 сая төгрөгийн босго л хэрэгжих боломжтой гэж гарч байгаа. Энэн дээрээ ойлголцохгүй бол бид өнөөдөр НӨАТ-ын гурван босгтой сууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хувь гишүүд татварын олон хууль санаачилсан, энийг явуулъя. Хоёрдугаарт, татвар төлдөг 500 компанийн өөрсдийн хөрөнгөөр хийсэн ажлын үнэлгээг төр өгөхгүй байна. УИХ-аас төсвийг батлаад өгсөн, Засгийн газар харин 50 хувийг нь хасчихсан. Тэд юугаараа татвар төлөх юм, та нар хөрөнгө оруулалтын мөнгийг өгсөн бол татвар багасахгүй байсан.

Гуравдугаарт, гадны хөрөнгө оруулалтын томоохон төслийн мөнгийг Монголоор оруулдаг бол, ингэхгүй бол хэзээ ч валютын хямралаас гарахгүй. Энэ чинь та нар гадны хөрөнгө оруулалт дээр ухаангүй ажиллаад байна гэсэн үг. Хэн ч Тавантолгой, Оюутолгойг зогсооё гээгүй шүү.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-Төсвийн байдал хүндхэн байгаа, эхний улиралд орлого бага ордог. Тийм учраас эхний ээлжинд цалин, тэтгэвэр урсгал зардлыг 100 хувь санхүүжүүлээд явж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд банкинд нэлээдгүй өр зээлтэй. Эхний ээлжинд хүүгийн дарамтаас нь арилгах зорлгоор санхүүжилт хийнэ. Нийт гүйцэтгэл нь 80 хувь хүрсэн аж ахуйн нэгж дээр вексель бичнэ. Тодорхой ажлууд хийгдэнэ.

 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж